“Баян ба ядуу аав” нь хөрөнгө оруулалт болоод мөнгөний менежментийн тухай шилдэг номын нэгээр нэрлэгддэг. 

Энэхүү номыг Америкийн зохиолч, бизнесмен  Роберт Кийосаки бичсэн бөгөөд тасралтгүй зургаан жил дэлхийн шилдэг борлуулалттай номоор шалгарсан юм.

“Баян ба ядуу аав” нь мөнгөний тухай ойлголтыг хүний амьдралд дөхөм жишээгээр баяжуулан тайлбарласан учраас уншигчдадаа эмх цэгцтэй мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүргэж чаддаг ажээ. 

Тиймээс таны санхүүгийн мэдлэгийг тэлэх санаа шийдлүүдээр баялаг энэхүү номын хамгийн чухал 10 санааг тоймлон хүргэе.

Эхлээд өөртөө хөрөнгө оруул

Ихэнх хүмүүс орлогоо байр, машины төлбөр, хоол хүнс зэрэг өдөр тутмын хэрэглээндээ зарцуулаад дуусгачихдаг. Гэвч баян хүмүүсийн өөртөө суулгаж чадсан хамгийн чухал чадвар нь өөртөө хөрөнгө оруулах юм. Тиймээс 

-Ном

-Шинэ ур чадварт суралцах сургалт

-Туршлага олох зүйлсэд өөрөөсөө мөнгө харамлах хэрэггүй

Хадгаламж болон хөрөнгө оруулалтын ялгааг таньж мэд

Орлогынхоо тодорхой хувийг хадгалдаг байх нь мэдээж сайн хэрэг. Гэвч инфляцын уршгаар хадгалсан мөнгөний үнэ цэн өдөр ирэх бүр унаж байдаг. 

Тиймээс хадгалахаас илүүтэй хөрөнгө оруулах нь урт хугацаандаа илүү их өгөөж хүртэх боломжийг олгодог. 

Мөнгөө зөв удирдан, зарцуулж сур

Бидний ихэнх нь хэрхэн мөнгө олох тухай мэддэг ч олсон мөнгөө зөв зохистой зарцуулж, удирдах талаар ойлголтгүй байдаг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэдэг нь ердөө өмч хөрөнгө болоод өр төлбөрийн ялгааг ойлгож, тэнцвэрийг олоход оршдог ажээ. Аажмаар санхүүгийн сахилга бат сууж, мөнгөө зөв удирдан зохион байгуулахын хэрээр хөрөнгийн хэмжээ нэмэгддэг. 

Татварын тухай уншиж, судал

Та мөнгөтэй хэдий ч татвар болоод санхүүгийн зах зээлийн тадаар мэдлэг дутмаг бол үргэлж төлөх ёстой хэмжээнээс илүү татвар төлдөг хэмээн ойлгож болно. Тиймээс санхүүгийн зах зээлтэй холбогдолтой дүрэм журам, хууль тогтоомж, татварын системийн талаар уншиж, өөрийгөө мэдлэгээр цэнэглэж байх хэрэгтэй.

Орлого олох эх үүсвэрээ солонгоруул

Та мөнгө олдог ганцхан эх үүсвэртэй бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд нэлээдгүй урт замыг туулах нь. 

Эсрэгээрээ олон эх үүсвэрээс мөнгө олдог байх тусмаа эрсдэлгүй, итгэлтэй ирээдүйг өөртөө бэлдэж байгаа гэсэн үг. 

Эрсдэл гаргахаас айх эмээх нь өсөж хөгжих орон зайг үгүй хийдэг

Тооцоотой, төлөвлөгөөтэй, няхуур байх нь зөв хэдий ч зарим тохиолдолд эрсдэл гаргах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Том эрсдэл том боломжийг бий болгодог. 

Санхүүгийн мэдлэгээ тэл

Бид мөнгө олох ёстой, мөнгө олохын тулд ажиллах ёстой юм байна гэдгийг хэдийн ойлгочихсон байдаг. Харамсалтай нь хэрхэн олсон мөнгөө зөв удирдан, зохион байгуулах талаар хангалтай мэдлэг, мэдээлэл авч чаддаггүй. Тиймээс санхүүгийн суурь ойлголт болоод шинэ мэдээллийг үргэлж шимтэн сонирхож, мэдлэгтээ хөрөнгө оруулах нь зүйтэй.

Бүх зүйл хүний харах өнцгөөс шалтгаалдаг

Ядуу аав үргэлж “Би энэ барааны үнийг төлж хүч хүрэхгүй юм байна” гэж хэлдэг бол баян аав “Яавал би үүнийг худалдан авч болох вэ” гэж боддог. 

Баян болох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, сайхан амьдрахад хүний харах өнцөг хамгийн чухал үүрэг гүйцэтгэдгийг санаарай. 

Мэдлэгтэй, ухаантай, боловсролтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл

“Хэрэв чи өрөөн дотор байгаа хамгийн ухаантай хүн бол чи буруу газраа байна” гэх алдартай эшлэл бий. Мэдлэг боловсролтой хүн болохыг хүсвэл өөрөөсөө илүү чадварлаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй.

Сэтгэл хөдлөлөө удирдаж сур

Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан сэтгэл хөдлөлөө удирдаж, ухамсартайгаар шийдвэр гаргахыг хичээгээрэй. Үүнд л тэнцвэрийн нууц оршиж байдаг.