Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Тайванийн Ванфан эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол зохион байгуулав. 

Ванфан эмнэлэг нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй анх удаа хамтран ажиллагаа өрнүүлж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг болох энэхүү арга хэмжээнд уригдан оролцов.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Тайпэй хотын Ванфан эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж буйд талархаж байна. Цар тахлын үеэр манай төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Ванфан эмнэлэг нь нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй эгч дүү эмнэлгүүдийн харилцаа, хамтын ажиллагаа тогтож, Монгол орны өвчтөнүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Монгол орны эмнэлгүүдэд эмнэлзүйн удирдамж өгч ажилласан. 

Ванфан эмнэлэг нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулж, "Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна" гэсэн үзэл санааг хэрэгжүүлэн ажиллана гэж найдаж байна.” гэв.

Тайпэй хотын Ванфан эмнэлгийн багийг ахлаж ирсэн тус эмнэлгийн дэд захирал Хуан Жунрэн “Манай эмнэлгийн төлөөлөл энэ удаад цар тахал намжсанаас хойш анх удаагаа Монгол оронд зочилж байгаа ба Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж буйдаа маш их баяртай байна. Манай хоёр эмнэлэг холбоо тогтооход дэмжлэг үзүүлсэн Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийлье. 

Тус эмнэлэг нь хорт хавдрын эмчилгээ, зүрх судасны эмчилгээ, согог засал, мэдрэлийн мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид хамтын ажиллагаагаараа дамжуулан Тайвань Монгол хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.

Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн захирал З.Балдандугар  “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хил хязгаар гэж үгүй билээ. Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас талууд бодит харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлээгүй ч Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нь Монгол орны эмнэлгүүдэд эм бэлдмэл болон эмнэлгийн хэрэгсэл хандивлаж байсан явдалд талархал илэрхийлье. Бид цаашид Ванфан эмнэлэгтэй хамтран ажиллаж, эмнэлгийн багийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийг хүсэж байна. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр эмнэлгийн бүх чиглэлийн сургалтын хамтын ажиллагааг эрчимжүүлээд зогсохгүй манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд Тайваньд мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана гэж найдаж байна.