УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Төрийн өмчийн компани, пүүсийн захирлуудад орох орон байдаггүй юм уу. Цаашлаад УИХ-ын гишүүд зэрэг төрийн өндөр албан тушаалтай хүмүүс ч байна. УИХ-ын гишүүд ард түмний саналыг аваад ороод ирсэн гэж үзэхэд эрх биш таван ханатай гэр ч гэсэн баймаар юм. Энд орж ирээд төсөв хүнд байх үед улсын төсвөөс байр, орон сууцныхаа нөхцөлийг сайжруулна гээд хэдэн арван саяар нь ичихгүй аваад байх юм. 

Би байр орон сууцны дэмжлэг авах байтугай сууж байгаа өрөөгөө засалгүй 15 жил болж байна. Болоод л байна. Гэтэл Төрийн ордны зарим өрөөг хагас, бүтэнсайн өдөр бүр л засаж байна. Би төсвийн хөрөнгө мөнгийн ингэж үргүй зарах шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг.

Х.Бадамсүрэн дарга төсвийн мөнгөөр хаус аваагүй гэдгээ өөрөө баталгаатай хариулж байх шиг байна. Тэгвэл яваад буй мэдээлэл худал юм байна. Дараа нь ямар нэгэн асуудал гарч ирэх вий" хэмээлээ.

Үүний хариуд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн "Би Эрдэнэт үйлдвэрийн өмч хөрөнгөөр хувьдаа орон сууц авсан асуудал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье" гэв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.