"Эрдэнэт үйлдвэрийн даргыг өөрчилж Х.Хэрлэнг оронд нь томилно гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр цацагдаад буй. 

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Одоогоор "Эрдэнэт үйлдвэр"-ийн дарга Х.Бадамсүрэнг солино гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй. Х.Бадамсүрэн дарга ажлаа хийж байгаа. Ажлаа хийж, богино хугацаанд цэгцлэхийг шаардаж байгаа. Ажиглаад байхад захиалгатай хэд хэдэн мэдээлэл явж харагдсан. 119 сая долларын бараа бүтээгдэхүүнийг гэрээ хийгээд нийлүүлээгүй байгаа, төлбөрөө 50-аас дээшгүй хувиар урьдчилж авсан нь гэмт хэргийн шинжтэй байж магадгүй асуудлыг шалгаж байгаа. Энэ бол зах замбараагаа алдсан гэсэн үг. Цэгцтэй байсан зүйлийг одоо цэгцгүй болгох гэж байгаа юм шиг зохион байгуулалттай пиар явж байна. 

"Эрдэнэт үйлдвэр"-т бүтцийн өөрчлөлт хийгээд нэг ч хүн нэмэгдэж томилогдоогүй. УИХ-ын 23 дугаар тогтоол өөрөө Төрийн өмчит үйлдвэр болго гэсэн тогтоол. Тэгэхээр Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт ТУЗ байхгүй болно гэсэн үг. Онц байдалтай холбоотойгоор хамгийн үр ашигтай байж болох түр бүтцийг Төрийн өмчийн хороо Засгийн газарт оруулж ирнэ гэсэн. Одоогоор ирээгүй байна. 

Ер нь бол стратегийн ордуудыг цэгцлэх ёстой гэж олон жил ярилаа. Яг цэгцлэх гээд эхлэхээр л одоо коммунизм байгууллаа, болохоо байлаа, уул уурхайн компанитай хүмүүс улс төрд зүтгэх нь хэцүү боллоо гэж сүүлийн үед их ярьж байна. 

Нэг мэдээлэл хэлэхэд "Эрдэнэс Монгол" гэдэг компани стратегийн 400 гаруй ордын зөвхөн 2 нь л байдаг. Тэгэхээр баялгийн тэгш бус байдал гэж нэрлээд буй. Маш их баялагтай хэрнээ менежмент буруу яваад байна. Бидний 27 жил ярьсан зүйлийн нэг том жишээ нь энэ. Үүнийг баялгийн сан болгох ёстой. 

Өөрөөр хэлбэл, стратегийн тодорхой хэмжээний өмчлөлийн лицензүүд төр дээрээ байж байснаар ipo хийх ч юм уу, дэлхийд хөрөнгө босгох талаар цааш Засгийн газар нэгдсэн байр суурьтай ярьж чадна гэсэн үг. Ингэж байж ил тод явна.

Эрдэнэт үйлдвэр ч ийм болох ёстой. Зөвхөн төр дээр байхыг би дэмжихгүй байгаа. 

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар стратегийн ордуудтай холбоотой мэдээллийг нээлттэй сонсоно. Үүний дараа "Баялгийн сан" гэж юу вэ гэдгийг нээлттэй зарлана" хэмээлээ.