УИХ-ын нэр бүхий зарим гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд тархаад буй.

Эдгээр гишүүдийн нэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг бөгөөд түүнийг эхнэр Л.Отгонжаргалынхаа "Тээвэр ачлал" ХХК-д 1.4 тэрбум төгрөгийн зээлийг авч өгсөн хэмээж буй юм.

Энэ талаар сайд Б.Батзориг сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Тээвэр ачлал" ХХК Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авах үед миний болон миний эхнэрийн нэр дээр тус компанийн  нэг ширхэг ч хувьцаа байгаагүй. Би үүсгэн байгуулагч нь биш. Социализмын үед байгуулагдсан байсан тус компанийг сүүлд хувьчилсан. Хэн авсныг нь би мэдэхгүй. 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Монгол Улсын иргэн хэн ч зээл авах эрхтэй. Хамгийн гол нь шалгуураа давах журамтай. Төсөл сонгон шалгаруулах комисс хуралдаж тухайн төсөл шалгуур давсан эсэх болон зээл олгох эсэхийг шийддэг. Түүнээс биш сайд би үүнд оролцох эрхгүй. Төсөл бичсэн хэн болгон даваад байдаггүй өндөр шалгууртай. Тус шалгуурыг даваад барьцаагаа төлөөд гэрээгээ хийсэн хэнд ч зээл олгодог. Харин авсан зээлээ зориулалтын дагуу ашиглах ёстой. Зээл олгохдоо төслийг сонгон шалгаруулдаг болохоос ямар гишүүний, хэн гэдэг хүний компани болохыг мэддэггүй. 

Сонгон шалгаруулалтын үед миний нэр дээр тус компанийн хувьцаа байгаагүй. Өмнө нь бол байсан. 2016 оноос хойш хувьцаагүй болсон" хэмээн ярилаа.