Англи, Герман, Япон, Орос, Солонгос.. дэлхий дээр олон хэл бий. Бас “машины хэл” гэж байна. Орчин цагт англи хэлгүй л бол дэлхийгээс хоцрох мэт бодол, мэдрэмж хэн бүхэнд уяатай явдаг. Харин машины хэлийг зөвхөн оюуны чадамж өндөртэй “толгой”-той хүн л сурна гэх ойлголт их. Тэгвэл компьютерийн шинжлэх ухаан, код бичих талаар Австрали Улсад боловсрол эзэмшсэн Б.Билгүүнтэй ярилцлаа. Тэрбээр 10-15 насны хүүхдүүдэд вэб дизайн, програмчлал, электроник, роботик технологийн боловсрол олгох холын зорилго өвөрлөсөн нэгэн юм.


-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Билгүүн гэдэг. Компьютер, цахилгааны инженер мэргэжилтэй. Одоогоор финтек буюу онлайн, дижитал үйлчилгээ үзүүлэх зорилгоор шинээр нээгдэж буй  "Агула" компанид технологи хариуцсан захирлаар ажиллаж байна. Мөн өөрийн “TEEE"  клубт багшилдаг.

 

-Таныг Австралид Күийнсландын их сургуульд мэргэжил эзэмшсэн төдийгүй багшилж байсан гэж сонссон?

-Тийм ээ. Күийнсландын сургуулийг төгссөн. Сурахын хажуугаар сүүлийн хоёр жилийн хугацаанд нь арван жилийн сургуулийн хүүхдийн сэтгэхүйд тохирсон, дэвшилтэт технологийн чиглэлээр багшилдаг байлаа. 

Тодруулбал, программ, вэб дизайн, электроник, роботик гэсэн дөрвөн чиглэлээр багшилж байсан. Миний Монголд буцаж ирсэн хамгийн том шалтгаан гэвэл хүүхдүүдэд комплекс асуудал шийдвэрлэх, бүтээлч сэтгэлгээ, инженерчлэх, код бичих, симуляци хийх, модел загвар гаргах, вэб сайт хөгжүүлэх, роботик болон электроник прототип бүтээх чадваруудыг эзэмшүүлэх хүсэл юм.

 

-Яагаад код бичиж сурах ёстой вэ? Энэ асуулт тантай уулзах шалтгаан боллоо.

-Уншиж сурах юунд хэрэгтэй юм бэ гэж 500 жилийн өмнө асууж байгаатай адил сонсогдож байна. Хүнийг юу бүтээсэн бэ гэвэл хөдөлмөрийн багаж зэвсэг бүтээсэн. Багаж зэвсэг нь илүү сайжирсаар одоо үед хүрзээр биш компьютержсэн багажаар ажлаа хийдэг болсон. Тэр болгон дээр програм бий. Програм таны ус буцалгагч дээр, богино долгионы зуух, цахилгаан шатны товчлуур дээр ч байгаа. Галын хамгааллын систем хүртэл програмтай. Хэрэглээний бүх багаж зэвсэг автоматжаад ирэхээр түүн дээр ямар нэгэн байдлаар код бичих л хэрэгтэй болно гэсэн үг.


Мөн код бичиж сурах гэдэг нь юмыг логиктой сэтгэх суурийг л тавьж өгч байгаа юм. Сүүлийн үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй програмчлалын хэл бол Пайтон юм. Систем админ, вэб хөгжүүлэгч, программ хөгжүүлэгч алийг нь ч ажилд авахад python /пайтон/ гэдэг хэлийг шаардаад байгаа. Тиймээс би одооноос 10,11 настай хүүхдэд суурь ойлголтыг тавьж өгөхөөр энэ бүхнийг зааж эхлээд байна. Хоёр жилийн өмнө олж уншсан судалгаан дээр тухайн үед нэгдүгээр ангид орж байсан хүүхэд сургуулиа төгсөөд ажилд ороход өнөөдөр байгаа мэргэжлүүдийн 60 хувь нь байхгүй болчихсон байна гээд байгаа. Ийм мэргэжлийн жишээ зөндөө байна. Тухайлбал утасны диспетчер гэж байсан. Одоо байхгүй. 

Өнөөдөр шүүгчийн нарийн бичгүүд шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлж байна. Энэ тэмдэглэлийг бичдэг мэргэжил “Чимэгэ” гэх мэт технологи хөгжихийн хэрээр байхгүй болно. Чимэгэ апп гэхэд зөв бичилтийн хувь нь 99 болоод ирвэл шүүх хурал дээр тэмдэглэл бичих хүн хэрэггүй болно. Үүнтэй адилхан ирээдүйд одоо байгаа ажил мэргэжлүүд байхгүй болно.

Өнөөдөр би хүүхдүүдийн сэтгэлгээг тийш чиглүүлэх, түүнд бэлдэх дасгалыг л хийж байна. Ирээдүйн хөдөлмөрийн зах зээл уламжлалт боловсролын системийн стандартаас хэтийдсэн үр дүнг биднээс хүлээж байна.

-Хүүхэд бүр код бичиж чадах уу? Програмчлалын хэлийг ойлгоход хэцүү болов уу?

-Код сурах амархан ч биш бас хэцүү ч биш. Яаж оролдохоос л шалтгаална. Бас зөв эхлэл чухал. Манай сургалтын хувьд хүүхдүүд латинаар уншдаг байхад л хангалттай. Анхлан суралцаж байгаа учраас өөр суурь мэдлэг шаардлагагүй.

 

-Таны явуулдаг сургалтаас хүүхдэд олгодог чадваруудаас нэгийг онцлон дурдвал?

-Дэлхийн сайтуудын бараг талаас их хувь нь Word press гэдэг платформоор хийгдсэн байдаг. Үүнийг ашиглаж сурах юм бол 10-11 настай хүүхэд ээж, аавынхаа жижиг бизнест туслах зэргээр танилцуулга вебсайт хийж чаддаг болно. 

Жишээ нь, ах нь онлайн шоптой, эгч нь маникюрын салонтой бол таницлуулгыг хийх бүрэн чадвартай болоод төгсөнө гэсэн үг. Ийм хэмжээний танилцуулга сайт хийнэ гэдэг 2 сая төгрөг зарцуулах ажил. Тэгэхэд түүнийг хүүхэд нь хийчих боломжтой болно. 

Манай “ТЕЕЕ” клубын найман настай, латинаар уншиж чаддаггүй хүүхдүүд вэбийн дизайн хийчихсэн. Хүүхдүүд эхний ээлжинд ютүб маягийн дизайнтай вэб танилцуулга хийж байсан.

 

-Бас сонирхол чухал байх? 

-Боловсролд тулгын гурван чулуу шиг зүйл байдаг. Тэр нь багш, хүүхэд, эцэг эх гурвуулаа хичээх ёстой. Манай сургалтад бүртгүүлэхийн тулд багш эцэг эх хүүхдийн гурвалсан уулзалтад заавал ирэх хэрэгтэй байдаг. Энэ уулзалтаар бүх талын сонирхол, хүсэл, хүлээлтүүдийг тодруулдаг. Ингэсний үр дүнд бүх талаас хүсэл сонирхол нэгдсэн гэж үзвэл бид сургалтын үйл явцыг эхлүүлдэг. 

Би сургалтад ирж байгаа хүүхдүүдээр сэтгэлзүйн дасгал ажиллуулдаг. Эхнийх нь өөрийнх нь зорилгыг тодорхойлох. Дараагийнх нь надад захиа бичиж авч ирэх. Хоёр дахь дасгалын хувьд өөрийн дуртай зүйл, сургуульд таалагддаг болон таалагддаггүй зүйл, өөрийнхөө тухай сонирхолтой баримт зэрэг зүйлс бичүүлдэг. Би тэр хүүхдийн ангийн багш биш учраас танихгүй. Танилцахын тулд хугацаа алдана. Хугацаа алдахгүйн тулд тэр хүүхэд тоглох дуртай юу, спортод хорхойтой юу гэдгийг нь, дараа нь ямар нэг зүйл тайлбарлахад энэ хүүхдэд юунд суурилж яривал илүү ойлгох боломжтой гэдгийг мэдэхийн тулд үүнийг бичүүлдэг.

 

-Хэдэн настайгаасаа сурвал тохиромжтой вэ?

 

-Программ бичиж сурах нас эрт байх тусмаа тохиромжтой. Тодорхой нас өнгөрөхөөр сурах чадваргүй болдог. Энэ нас хүн болгоны биологийн онцлогоос хамаарч ондоо. Программчлалын хэл гадаад хэлтэй адилхан. Гадаад хэлийг багадаа сайн сурдаг. Төрөхдөө л хоёр өөр хэлтэй гэр бүлд төрчихсөн бол хоёр хэлээр чөлөөтэй яриад түүнийгээ хэзээ ч мартдаггүй. Үүнтэй адил бага байхдаа программ бичээд сурчих юм бол илүү чадварлаг бөгөөд гүнзгий эзэмшинэ. Миний хувьд бүх зүйлийг сүүлд сурсан учир байнгын сэргээх хэрэгцээтэй, тэгэхгүй бол маш хурдан "зэврэх" хандлагатай байдаг. Тиймээс миний алдааг хүүхдүүд бүү давтаасай гэж хүсч байна.


-Манай эцэг эхчүүдийн технологийн мэдлэг аль түвшинд байна вэ?

-Би сургалтад ирж байгаа хүүхдийн эцэг эхтэй заавал уулздаг гэж хэлсэн. Инженер аав ээжтэй хүүхдүүд байна. Зарим эцэг эхчүүд би юу ч ойлгохгүй байна, гэхдээ хүүхдээ ойлгоосой гэж хүсч байна гэдэг. Гэвч мэдлэгийн түвшнээс үл хамааран хүүхдээ сургах зорилгоор дүүрэн хүмүүс ирдэг. Зарим хүмүүс бүртгүүлээд мөнгөө шилжүүлчихвэл боллоо юм биш үү гэсэн хандлага гаргах нь бий. Ийм хандлага гаргасан тохиолдолд би бүртгэхээс татгалздаг. Учир нь хүүхдийнхээ боловсролын төлөө цаг зарцуулах хүсэлгүй байна гэдэг нь түрүүн дурдсан тулгын 3 чулууны нэг нь байхгүйтэй адил. Иймээс би илүү суралцах хүсэл эрмэлзэлтэй гэр бүлүүдэд боломжийг нь олгохоор шийддэг.

 

-Та гадаад хүүхдүүдэд багшилж байсан. Австрали, Монгол хүүхдүүд сурах чадварын хувьд ялгаатай юу?

 

-Код гэдэг бол машины хэлийг Англи хэл рүү хөрвүүлж гаргасан зүйл юм. Гэтэл манай улсын хүүхдүүд кирилл үсгээр уншиж, бичиж сурдаг. Хэрэв бусад хэлээр уншиж бичиж чаддаг бол код заахад заавал 10 нас гэж тогтоох шаардлага байхгүй. Зургаа, долоон настай хүүхэд код сурах платформ нь бэлэн байгаа. Гэвч манай эх хэл дээр биш болохоор 10 наснаас хойш гээд байгаа юм. 

Арван настай хүүхэд ядаж л гар утсаараа тоглоод найзуудтайгаа чат бичээд латин үсэг сурчихсан байдаг. Тэгэхээр заяагдмал дутмаг зүйл нь эх хэл байна. Түүнээс сэтгэлгээ, асуудал шийдэх түвшинд ялгаа байхгүй.

 

-Австралид найман настай хүүхэд код бичиж сурч байхад манайд ШУТИС-т оюутан болоод сурдаг гэх юм билээ. 

-Тэр үнэн. Би Монголд их сургуульд цахилгаан хангамжаар суралцаж байгаад Австралид очоод цахилгааны инженерээр суралцаж эхэлсэн. Тэгэхэд 22 настайдаа хамгийн анх код бичиж үзэж байлаа. Дэлхий нийтээр ямар ч цахилгааны инженер код бичдэг, кодын мэдлэгтэй л байхыг шаардаж байна. Анх сурч эхлэхэд хичээл дээрээ унах шахаад арай гэж тэнцэж байлаа. Маш хэцүү байсан шүү. Гэтэл Австрали оюутнууд 100 хувийн үнэлгээтэй суралцаад байдаг. Миний хонон өнжин хийж байгаа юмыг ангиас гарч явахдаа л хийчихдэг. Учир нь тэнд 6,7 дугаар ангийн хүүхдүүд аль хэзээний код бичээд сурчихсан байдаг юм билээ.

Кембрижийн боловсролын стандартыг нь уншвал маш энгийн. Жишээ нь 7-р ангийг төгсөж байгаа хүүхэд хамгийн багадаа хоёр програмчлалын хэл дээр код бичдэг байна. Түүний нэг нь текст хэлбэрийнх гэх байдлаар түвшин тогтоогоод өгчихдөг.

 

Монголын боловсролын стандартыг олж унших гээд хайгаад олоогүй. Арга ядаад 1-11 дүгээр ангийн математик, мэдээлэл зүй, хөдөлмөр зэрэг хичээлийн номуудыг гарчиглахад 12 дугаар ангийн дөрөвдүгээр улирлын мэдээлэл зүйн хичээл дээр Microsoft, Small Basic гэдэг хэлийг үздэг юм билээ. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиа төгсөхийн дөнгөж өмнө үздэг болж таарч байгаа юм. Гэвч энэ хэл дээр хичээл заах чадвартай багш өнөөдөр хангалттай хүрэлцээтэй байна уу. Энэ хичээл яг стандартаар орж байгаа юу гэдэг дээр тодруулах шаардлага бий. Миний зүгээс ихэнх улсын сургуульд энэ бүлгийг алгасдаг байх гэсэн хардлага бий.

 

Мэдээллийн технологийн хичээл бусад суурь шинжлэх ухааны хичээлээс ялгаатай нь заах сэдэв стандарт нь байнга өөрчлөгдөж хөгжиж байдаг динамик салбар юм. Ийм хурдан өөрчлөгддөг салбарын боловсролын стандартыг ТӨРИЙН ЯАМ батлаад түүнийхээ эко-орчинг бэлдэж дуусаад заах гэсээр байтал тухайн стандарт хоцрогдчихсон байдаг. Энэ асуудал дэлхий нийтэд тулгамдаад байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд Иранаас, Австралиас эхлээд олон улс оронд технологийн боловсролоо хувийн сектордоо өгчихсөн. Бид муу зохиохоор сайн хуулчихмаар л байна. Манайд технологийн боловсрол олгох чадамжтай хувийн хэвшлийнхэн байхгүй биш байгаа.

 

Жишээлбэл 33 дугаар сургууль дээр технологийн боловсролын хичээл орох компани сонгон шалгаруулж болно. Харин төрөөс Кэмбрижийн хөтөлбөрт заадаг шиг хөнгөхөн стандарт л тавиад тэр стандартаа хангуулах шаардлага тавиад явахад болно. Тэгвэл ороод өрсөлдөхөд бэлэн технологийн компаниуд байгаа. Австралид багшилж байхад бид хичээлийн стандартыг 6 сар тутамд шинэчилж түүнд шаардлагатай эко системээ бүрдүүлээд ажилладаг байсан. Түүнээс шинэ стандарт баталлаа гээд код бичиж үзээгүй багшаар код заалгана гэж байхгүй шүү дээ. Би өнөөдөр Microsoft, Small Basic хэлийг 3-4 дүгээр ангийн хүүхдүүдэд заагаад явж байна.


-Манай улсын технологийн хөгжил дэлхийн хаана явна вэ?

 

-Чадвараараа дэлхийд гарсан хүмүүс бий. Хайрцагандаа сэтгээд өөрийгөө чадварлаг гээд бодчихсон хүмүүс ч байгаа. Гэхдээ манай улсад дэлхий даяар хэрэглэдэг, тэр шийдэл нь байхгүй бол хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлчихээр гаргасан зүйл одоогоор байхгүй байна. Жишээ нь "Apple" компани Iphone гаргахаа больчихвол тэрнийг дагасан олон зүйлс нуран унах болно, Майкрософт Виндоузээ гаргахаа байчихвал дэлхий дээрх олон олон компьютерүүд ажиллагаагүй болно гэдэг шиг тийм үнэ цэнэтэй зүйл хараахан алга. Гэхдээ удахгүй тийм зүйл бүтээгдэнэ гэдэгт итгэж байна.

 

-Хөгжихийн тул хаанаас эхлэх вэ?

 

-Миний хувьд хамгийн түрүүнд боловсон хүчнээ л бэлдэх. Урт хугацаанд хамгийн өндөр үр ашигтай хөрөнгө оруулалтаар боловсрол шалгарсан байдаг. Улс орны хувьд бид өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх нь чухал ч түүнээс дутахааргүйгээр холын ирээдүй рүү хөрөнгө оруулах нь зөв гэж боддог. Төсөв баталдаг хүмүүс урт хугацаандаа өгөөжтэй хөрөнгө оруулалт хийвэл тэр нь боловсролын салбар байгаасай.

 

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.