Берлиний үзэсгэлэн Чингис хааны түүхийг европт дахин толилуулна

Peak.mn
10 сарын 20, 2026

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг Чингис хаан таалал төгссөний 800 жилийн ойг угтан Монголын эзэнт гүрний түүх, соёлын өвийг дэлгэн харуулах тусгай үзэсгэлэн Берлин хотноо маргааш нээлтээ хийнэ.

Германы үндэсний мэдээллийн DPA агентлагийн мэдээлснээр, “Чингис хаан ба Монголын ертөнц” (Dschingis Khan und die Welt der Mongolen) нэртэй уг үзэсгэлэн нь Тэмүжиний бага наснаас эхлээд их хаан болж хүчирхэгжсэн түүхийг Монгол болон Европоос олдсон археологийн үнэт олдворуудаар дамжуулан өгүүлэх юм.

Берлин хотын Музейн арал дахь Жеймс-Симон галерейд 2026 оны аравдугаар сарын 21-нээс олон нийтэд хүрэх энэхүү үзэсгэлэнгийн талаар Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун Германы сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурлын үеэр дэлгэрэнгүй танилцуулжээ. Түүний тайлбар болон музейн албан мэдээлэлд түшиглэсэн нийтлэлүүд өнөөдрөөс Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлээд байна.


Тухайлбал, DPA агентлаг уг үзэсгэлэнг археологийн чухал олдворуудад тулгуурлан эзэнт гүрний түүхийг бодитойгоор дэлгэн харуулж буйг онцолсон бол "WELT" хэвлэл Тэмүжин хэрхэн эгэл жирийн хүүгээс дэлхийн хүчирхэг байлдан дагуулагч болж өссөн замыг онцлон нийтэлжээ. Германы сэтгүүлчид мөн Чингис хаан болон түүний залгамжлагчдын үед Дунай мөрний сав газраас Солонгосын хойг хүртэл үргэлжилсэн, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том залгаа газар нутаг бүхий эзэнт гүрэн бүрэлдэн тогтсоныг гол сэдвээ болгож байна.

Үзэсгэлэнд цэрэг дайны түүхээс гадна эзэнт гүрний төв нутгаас олдсон эд өлгийн зүйлсээр дамжуулан тухайн үеийн төрийн зохион байгуулалт, нийгмийн харилцаа, соёл, ахуй амьдралыг харуулжээ. 

Тухайлбал, нүүдлийн мал аж ахуй, хөдөлгөөнт амьдралын хэв маяг монголчуудын нийгмийн бүтцийг олон зууны турш хэрхэн тодорхойлж ирснийг онцгойлон тайлбарласан байна.

Дэлгэгдэх үзмэрийн санд монгол цэргийн хуяг дуулга, төрийн зүтгэлтний чулуун хөрөг, уулын болроор урласан бүсний тоног, чимэглэл зэрэг багтсан нь эзэнт гүрний ур хийц, эд өлгийн соёлын өндөр түвшнийг илтгэнэ. Түүнчлэн Польш, Румын, Германы Штральзунд хот болон Берлиний Улсын музейнүүд, Берлиний Улсын номын сангийн ховор нандин цуглуулгуудаас зээлэн баяжуулжээ. Энэ нь Монголын эзэнт гүрний түүхийг олон улсын судалгаа, олон талын эх сурвалжид тулгуурлан нэг дороос цогцоор нь тольдох боломжийг олгож байна.

Энэхүү үзэсгэлэнгийн ач холбогдлыг зөвхөн Монголын түүхийг Европын үзэгчдэд танилцуулж байгаагаар хязгаарлах боломжгүй. Чингис Хаан Үндэсний Музейн захирал С.Чулууны Германы хэвлэл мэдээлэлд өгсөн мэдээллээс харахад археологийн өв, эрдэм шинжилгээний судалгааг Монголын соёлын дипломат бодлогын нөөц болгон ашиглах чиглэл тодорч байна.

Тухайлбал Монголын эзэнт гүрний түүхийг Европын олон нийтэд хүргэхдээ зөвхөн байлдан дагуулал, дайн тулаан, сүйрлийн тухай өгүүлэмжээр хязгаарлахгүй, Евразийн улс төр, худалдаа, соёлын харилцаанд үзүүлсэн нөлөөг нь хамтад нь тайлбарлах нь чухал бөгөөд археологийн бодит олдвор, шинэ судалгаагаар баталгаажсан мэдлэг ийм олон талт ойлголтыг бий болгох үндэс болдог талаар тэрээр тодорхой тайлбарлажээ.

Монгол, Германы музей, судлаачдын энэхүү хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны мэдлэг солилцохоос гадна хоёр орны хоорондын итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. Ийнхүү энэхүү үзэсгэлэн Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудтай шууд харилцаж, үзэсгэлэнгийн агуулгыг олон нийтэд хүргэж байгаа нь Монголын түүх, соёлыг Европын мэдээллийн орон зайд таниулах бас нэгэн суваг болж байна.



Ц.Чимэддондог. ХБНГУ. Берлин хот.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.