Яг үнэнийг хэлэхэд Зохиогч Михаэл Винтерхоффын "Томчууд яагаад хүүхдийн эрхшээлд ордог вэ буюу хүүхэд нас үгүй болж байна" номыг анх уншаад их л гайхаж, цочирдох шиг мэдрэмж төрсөн. Яагаад гэвэл нэг талаар бидний эрхэмлэх болсон орчин үеийн хүүхэд хүмүүжлийн "хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, чөлөөт" арга барилаас огт өөр, бүр эсрэг зүйлийг өгүүлсэн юм шиг санагдсан юм. Нөгөө талаар номын бодит жишээнүүд яг л миний тухай яриад байгаа ч юм шиг санагдаж, нурууны хөлс гарна. Би хүүхдээ буруу хүмүүжүүлээд байгаа юм байна гэх бодол төрж, айдас хүрэх шиг. Ямартай ч хэд хоногтоо л санаанаас гарахгүй бодогдсон бөгөөд хүүхэд хүмүүжлийн сэдэвт заавал байх ёстой чухал санаануудыг өгөх үнэ цэнтэй бүтээл мөн.

Михаэль Винтерхофф бол германы алдартай хүүхдийн сэтгэл заслын эмч бөгөөд энэ чиглэлээрээ 2008 он буюу ном анх герман хэл дээр хэвлэгдэн гарах үе гэхэд 20 гаруй жил тасралтгүй ажиллачихсан байжээ. (Түүнтэй танилцахыг хүсвэл https://www.michael-winterhoff.com/ вэбсайтаар нь зочилж болно, англи хэл дээрх эх сурвалж олоогүй. )

Түүний энэ номоо бичих болсон шалтгаан нь 2008 оны байдлаар сэтгэцийн эмнэлгийг зорих бага насны хүүхдүүдийн тоо Германд эрс ихэссэн явдал байжээ.

Хүүхдээ сэтгэцийн эмгэгтэй байна гэсэн дүгнэлтэд хүрнэ гэдэг ээж аавуудын хувьд хүнд асуудал болох нь мэдээж.Тэр эцэг эхчүүд хүүхдээ хайхардаггүй, санаа тавьдаггүй байсан бол угаасаа ийм эмнэлгийг зорих ч үгүй байсан нь тодорхой. Харин ч тэд бүгд хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн бөгөөд ихэнх нь өндөр боловсролтой, дундаас дээш түвшний амьдралтай хүмүүс байсан аж.

Туршлага дээрээ тулгуурласан ул суурьтай судалгааныхаа дүнд тэр бээр эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн сэтгэцийн эмгэг гэж үзээд байгаа асуудлууд үнэн хэрэгтээ ХҮМҮҮЖЛИЙН ДОГОЛДОЛ гэсэн хариултад хүрсэн бөгөөд хүмүүжлийн доголдол нь хүүхдийг СЭТГЭЛГЭЭНИЙ ХУВЬД ТӨЛӨВШИЛ ОЛОХОД СААД БОЛДОГ гэж дүгнэжээ. 

Өөрөөр хэлбэл биологийн хувьд насанд хүрсэн хүн мэт харагдавч сэтгэцийн хувьд балчир насандаа үлдэж хоцорсон тохиолдол элбэг байна гэсэн үг юм. Таны харж буй 21 настай хүн сэтгэлийн төлөвшлийн хувьд 3 настай хүүхэд байх ч боломжтой байх нь.

Номд гарах маш олон бодит жишээнээс ганцыг дурдвал,нэгэн сургуулийн 2006 оны элсэлтээр 1 дүгээр ангид элссэн хүүхдүүдийн дунд сэтгэл зүйн судалгаа явуулж үзжээ. Үүний зөвхөн 1а бүлгийн үр дүнг авч үзвэл 25 сурагчийн ердөө 4-т нь ямар нэг эмгэг илрээгүй бол 2 сурагчид шалгаж үзсэн 7 эмгэг бүгд, 4 сурагчид тус бүр 1 эмгэг илэрч, үлдсэн сурагчдад 2 ба түүнээс дээш төрлийн эмгэг хавсран илэрсэн нь ерөнхийдөө хүүхдүүдийн ихэнх нь хөгжлийн доголтой гэсэн дүгнэлт хийхэд хүргэв.

Зохиогчийн үзсэнээр энэ нь үнэн хэрэгтээ хөгжлийн бус хүмүүжлийн доголдлоос үүдэлтэй бөгөөд хувь хүнийг нийгмээс салгаж үзэх, эрх дураар нь байлгаж, бараг л хязгааргүй боломж олгох ёстой мэт үзэл сурган хүмүүжүүлэх тогтолцоонд нэвт шингэснээс энэ доголдол үүддэг гэжээ.

Түүний дүгнэснээр бид өнгөрсөн үеийн харгис, дарангуйллын, хатуу чанга нийгмээ үзсэн ядсандаа "орчин үеийн" гэх хязгааргүй чөлөөтэй байдлыг хүүхдүүддээ хэт туйлшран олгож, үр дагаварт нь тэднийг хүмүүжлийн доголдолтой, сэтгэлийн төлөвшлийн хувьд насанд хүрч чадаагүй, ердөө л биологийн хувьд нас биед хүрсэн хүмүүс болгож орхиж. Нэг үгээр хэлбэл одоогийн нийгэм насанд хүрсэн хүний дүртэй боловч балчир сэтгэхүйтэй “хүүхдүүд”-ээр дүүрчихжээ.

Хүүхдүүдийг ийм байдалд хүргэдэг эцэг эхчүүдийн эрүүл бус, доголдсон харилцааг зохиогч 3 ангилжээ. Энэ нь:

1. Эн зэрэгцэх харилцаа. Энэ тохиолдолд аав ээж нь хүүхдийнхээ хүмүүжүүлэгч гэсэн байр сууриа хэдийнээ алдсан байх бөгөөд, хүүхэд нь аав ээжтэйгээ эн тэнцүү байр сууринд очсон байна. Томчууд ба хүүхдүүдийн эрэмбэ дараа алдагдсанаас аав ээж нь хүүхдэдээ юу хийх, яах ёстойг заах аргагүй байдалд орно. Том хүн мэт амьдрах нь өөрөө хүүхдийн бодит потенциалаас хэтийдсэн учир нэг талаар түүнд дааж давшгүй хүнд ачааг тохоож, хүүхэд насыг нь үгүй хийж буй явдал юм.

2. Тусгал хэлбэрийн (проекц) харилцаа. Энэ харилцаа хоёр янзын хэлбэрээр илэрнэ. 

Нэгдүгээрт, эцэг эхчүүд хүүхдээ өөрийнхөө хэр амжилттай явааг мэдрэх, батлах хэрэгсэл болгон ашиглах, хоёрдугаарт өөрсдийгөө хайрлуулах хэрэгсэл болгон ашиглах. Өөрөөр хэлбэл орчин үеийн олон талт, стресстэй нийгмээс мэдэрч чадахгүй байгаа бусдаар хүндлүүлэх, хайрлуулах, үнэ цэнтэйгээ мэдрэх хэрэгцээгээ хүүхдээрээ хангах. Үүний тулд хүүхдийнхээ сайн аав ээж гэдгийг батлан харуулах гэж, хүүхдийнхээ сэтгэл хангалуун байгааг мэдрэх гэсэндээ хүссэн бүхнийг нь хийхэд хүрнэ.

3. Симбиотик харилцаа. Энэ шатанд Хүүхэд ба Аав, эсвэл Хүүхэд ба Ээж гэсэн тус тусын ойлголт үгүй болж, хүүхэд аав ээжийнхээ нэг хэсэг мэт болж хувирдаг. Өмнөх хоёр хэлбэрээс улам ч дордоно.

Хүүхдийнхээ гаргаж буй ямар ч үйлдлийг бие даасан өөр нэг тусгаар хүнээс гарч буй үйлдэл гэж мэдрэхээ болих бөгөөд эгээ л нүүр нь загатнахад өөрийн мэдэлгүй маажаад дараа нь огт санадаг ч үгүй шиг хүүхдийнхээ гаргаж буй зөв, буруу бүх үйлдэлд өөрийн мэдэлгүй шууд хариу үйлдэл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл хүүхдийн гаргаж буй ааш авир зохистой, зохисгүй эсэх огт хамаагүй, эргэцүүлж бодож үзэх ч сөхөөгүй шуудхан биелүүлнэ.

Одоогоос 5, 10 жилийн өмнө хүүхдээс гарч боломгүй, байж болшгүй зохисгүй үйлдлүүд өнөөгийн нийгэмд байх л ёстой энгийн үзэгдэл мэт болсон нь нийгэм өөрөө, боловсрол хүмүүжлийн систем өөрөө доройтон доголдсоны шинж бөгөөд энэ л дийлдэхээ байсан балчир хүүхдүүд, эцэг эх, багш нараа хүн гэж үзэхээ байсан арван настай сурагчид, ажил хөдөлмөрийн чадамжгүй залуус бий болсны шалтгаан гэж тэр бээр үзжээ.

Михаэл Винтерхофф угтаа хүүхдийг чанга хатуу хүмүүжлээр захирч, тушааж хүмүүжүүлэхийг дэмжсэн ч юм уу, өнгөрсөн нийгмийн хатуу аргыг зөвтгөсөндөө биш харин тэр аргаас ангижрах гэж ухаангүй туйлшран зүтгэхдээ бидний мартаж орхигдуулсан, алдаа гаргасан хэсгийг л тодотгон хэлж байгаа шиг санагдсан.

Угтаа хүүхэд хүмүүжлийн бүх л ном хүүхдэдээ сэтгэл санааны хувьд үргэлж ойр дотно байхын зэрэгцээ бас хил хязгаар, дүрэм журам тогтоохоо орхигдуулж болохгүйг сануулсан байдаг. Харин ингэхдээ яаж хүүхдийнхээ эмзэг оюун, сэтгэлийг гэмтээчихгүй байх арга барилыг заахыг оролддог. Харин уншигч бид л тэр хэсгийг нь үл тоомсорлон орхигдуулдаг юм болов уу...

Ямартай ч энэ номоос хүүхдэдээ эрх чөлөөтэй, амар тайван, сурч хөгжих нөхцлийг олгоно гэдэг зөнд нь орхихоос ялгаатай гэдгийг сайтар ойлгож авна. Харин энэ ялгаа хаанаас хаа хүрч байна вэ гэдгийг судалж мэдэх, мэдрэмжтэй хандах нь чухал.

Энэ бол ердөө товч тойм. Олон чухал санаануудыг номноос өөрсдөө олж уншсан нь дээр байх. Мөн энэ ном маш олон бодит жишээтэй бөгөөд тэдгээр нь онц сонирхолтой. Угтаа одоогоос 13 жилийн өмнөх Германы нийгмийг өгүүлэх боловч яг одоо бидний хальтран орж буй нийгмийн дүр зургийг дүрслээд байх мэт.


 Б. Наранзул