НГБХЗХГ, "Васт" продакшн, "Амгалан дэлхий" ТББ-ийн хамтын бүтээл "Айл гэр" подкастын энэ удаагийн зочин нийслэлийн БЗД-ийн ГБХЗХХ-ийн сэтгэл зүйч Т.Энхгэрэл юм. Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.

Хамгийн сэтгэлд тод байдаг нь дөнгөж ажлаа авсны дараах кейс байдаг. Анх ажлаа авсан залуухан ажилтан дээр манай БЗД-ийн хорооны нийгмийн ажилтан хоёр хүнийг дагуулж ирлээ. Архины хамааралтай, архи уучхаараа хүүхдээ хайхардаггүй юм. Энэ хүмүүст зөвлөгөө өгөөч гэсэн. Тэдэнтэй хэсэг хугацаанд ажиллаад сайн үр дүнд хүрсэн. Дараа нь нийгмийн ажилтнаасаа тэр хоёрыг амьдралын зөв хэвшилтэй болж сайхан амьдарч байгааг сонссон. Их урам авч байлаа. Архины хамааралтай хүмүүсийг зөвлөгөө, сургалтад их хамруулах хэрэгтэй юм байна даа гэж бодогдсон. 

Өнгөрсөн оны байдлаар манай БЗД-ийн хэлтэст хамааралтай 1580 дуудлага 108 утсанд ирсний  46 хувь нь үйл хайхрах хүчирхийлэл байсан. Ээж нь хүүхдэдээ хоол хийж өгөхгүй байх, хүүхдээ хоол хүнсээр дутаах, эсвэл аав ээж нь гэртээ архидаад бага насны хүүхдүүд нь гадуур хараа хяналтгүй явах гээд олон жишээ бий. Ерөнхийдөө ээж аавууд өөрсдийнхөө үүргийг зуун хувь гүйцэтгэхгүй байх, эсвэл хэтэрхий биеийг нь даалгах гээд хүүхдэд анхаарал хандуулахгүй, хайхрахгүй байхыг үл хайхрах хүчирхийлэл гэнэ. 

Орчин үеийн хүүхдүүдийг хүмүүжүүлэх арга барил бидний үеийнхээс тэс өөр болсон. Хүүхдийг суран бүсээр өсгөх гэдэг ойлголт биднээс одоо хүртэл арилаагүй байна. Хүүхдээ хөгжүүлж төлөвшүүлэхэд аав ээжүүд өөрсдөө биечлэн оролцохгүй болохоор хүүхдүүд өөрсдийгөө интернетээр цахимаар хүмүүжүүлэх гээд байна. 

Аав ээжүүд “манай энэ хүүхэд нэг л болохоо байчихлаа. Юм л хэлэнгүүт өөдөөс хэдэрлэдэг. Эсвэл өрөөндөө ороод хаалгаа түгжээд суучихдаг. Бид ийм байгаагүй” гэх зэргээр нь бүгд адилхан ярьдаг. Гэтэл зөвлөгөөний явцад, хүүхэдтэй нь уулзаж ярилцсаны дараа миний дүгнэлт ээж аав руу нь чиглэдэг. Зуун хувь биш ч үүнийг сануулахад гэмгүй. Бид бүгдээрээ нийгмээрээ бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайдаг болвол зөв эерэг болох гээд байна. Гэр бүлийн харилцаа маш энгийн. Гэтэл зарим эцэг эх бурууг өөрсдөөсөө холдуулж эхлэдэг. Буруу заавал хүүхдэд байх ёстой юм шиг ханддаг. Хүүхэд буруу зүйл рүү зүтгээд байдаг гол шалтгаан нь эцсийн дүндээ ээж аавууд өөрсдөө байдаг.

"Суран бүсний амт" хүүхэд хүмүүжүүлэх арга мөн үү?" хариултыг нь подкастаас сонсоорой.

Ээж аавууд хүүхдээ уйлангуут, эсвэл жолоо барьж явахдаа хүүхдээ саатуулах гээд, эсвэл хоол идүүлэх гээд утсаа өгчихдөг. Энэ чинь өөрийнхөө хөдөлмөрийг хөнгөвчлөх гэж байгаа нэг арга. Тэрний оронд хүүхдүүдтэйгээ ажиллах хэрэгтэй. Жишээ нь хоолоо идүүлэхдээ гурван өнгийн халбага тавиад, миний хүүхэд өнөөдөр ногооноор идэх үү, улаанаар идэх үү гээд асуугаад яриад хүүхдүүдтэйгээ маш их ажиллах ёстой. Жишээ нь ном унших дуртай хүүхдэдээ номыг нь авч өгөөгүй байж утсаа харлаа гээд загнаж болохгүй. Сонирхолтой дуртай зүйл дээр нь дөрөөлөөд хүүхдээ сөрөг дадлаас нь холдуулж болно. 

Монголын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаанд “нэгээс гурван нас хүртэл хаан мэт тахь” гэдэг шүү дээ. Энэ насанд нь хүүхдээ эрхлүүлж, хайрлаж энхрийлж, асран хамгаалж, хүүхдүүдтэйгээ харилцаагаа хамгийн бат бэх болгох үе. Гурваас зургаан насанд үүрэг, хариуцлага, ажил хөдөлмөр гэдгийг таниулж эхлэх нь чухал. Хүүхдүүдийг анзаарч байхад гурав хүртэлх насны хүүхэд юу тоглож байгаа нь мэдэгддэггүй. Гурваас дээш насанд тэдний тоглоом сэдэвтэй, зохиолтой болж эхэлдэг. Энэ үеэс машинаа унаад хаашаа явах гэж байгаа юм бэ гэх зэргээр хүүхдэд илүү олон асуулт тавьж хүүхдийг сэтгэн бодуулж, сэтгэхүйн цар хүрээг нь тэлэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн сэтгэлгээ задгай болно, илүү сониуч болно, илүү их зүйл ургуулан боддог болно. Хүүхдээс асуулт асуухдаа тэр хүүхдийг сэтгэж бодох хариулт өгөх асуулт тавих хэрэгтэй. Ингэж сургуулийн өмнөх насныхныг бэлддэг. Үүний дараа зургаагаас дээш насанд аав ээж хүүхэдтэйгээ хамт хөгжиж эхлэх ёстой. Хичээлийг нь цуг бэлдээд, цуг заагаад хүүхдэдээ заангаа өөрөө хөгжих ёстой. 

Өсвөр насны хүүхдүүд зөвлөгөөнд их ирдэг. Тэгээд харж байхад эхлээд хүүхдийнхээ сонирхлыг нь татах л хамгийн чухал. Манай “БЗД Сэтгэл зүйч зөвлөж байна” пейж хуудсаараа дамжуулж зөвлөгөө өгдөг. Ажиглаад байхад эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илэн далангуй ярилцдаггүй. Тэгэхээр 15 настай хүүхэд яг өөртэйгээ адилхан настай хүүхэдтэйгээ зөвлөдөг, тэгээд алддаг тохиолдлууд бий. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ чин сэтгэлийн яриа өрнүүлж сурах нь чухал. 

Би зөвхөн хүүхдийн асуудал дээр ажилладаггүй. БЗД-ийн 104 мянган гэр бүлтэй ажилладаг. Залуу гэр бүлийн асуудал бас их санаа зовоодог. Хүүхдийг төлөвшүүлэх тал дээр ажиллахад харьцангуй гайгүй. Хүүхэд хурдан хүлээгээд авчихдаг. Гэтэл гэр бүлтэй ажиллахад хэцүү. Гэр бүлийн хоёр нэгэндээ буулт хийдэггүй, хэн хэнийгээ ойлгохыг хүсдэггүй, энэ харилцаагаа тэглэе гээд шийдчихсэн байдаг. Бид хүний өмнөөс шийдвэр гаргах эрхгүй. Хоёр өөр орчинд төрсөн, хоёр өөр хүмүүс ч гэсэн нийлээд нэг соёлтой нэг гэр бүлийг бүтээх ёстой шүү гэдгээ ойлгох л чухал байх. Гол нь гэр бүлийн хоёр нэг нэгнийгээ ойлголцох. Бидэнд асуудлаа хамтдаа ярилцдаггүйд л учир бий. Магадгүй нэг нэгнийгээ дутуу үнэлдэг байх. Эсвэл эвээр ярих ёстой юмыг хэрүүл рүү оруулаад ирэхээр ярихаа больчихдог. Эцэст нь хэлэхэд ярилцдаг, ойлголцдог төлөвшсөн аав ээж, гэр бүлийн орчинд хүүхэд амар амгалан хайр дүүрэн өсдөг.