Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ба битүүлэх ёс нь хуучин оныг үдэх, шинэлэх ёс нь шинэ оныг угтах ёслол юм. 


Их төлөв өвлийн сүүл сарын гучныг “битүүн” гэнэ. Энэ өдөр тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэлтэй бөгөөд Монголчууд энэ өвлийн адаг сарыг “Лавай сар” гэдэг. Ийнхүү саргүй харанхуй битүү байхыг нэгэн бүтэн жил битүүрэн төгсөж байна гэж үздэг. Энэ өдөр айл болгон гэр гэртээ тухайн жилийн эцсийн хоол зоог барьж “битүүлэг” үйлдэх бөгөөд өнгөрөн одож буй оноо битүүлэн төгсгөж буй ёс юм. Битүүний өдөр монголчууд аль болох элбэг дэлбэг байхыг хичээдэг нь тэр жилийнхээ амьдралын сайн сайхныг бэлгэдэж буй явдал юм.

Битүүний өдрөөс өмнө өр шир, өглөг авлагаа дуусгаж, бусдаас зээлсэн мөнгө, эд мал байвал эргүүлэн өгч, урьд хэрэлдэж эв түнжин хагарсан хүнтэйгээ зориуд уулзан учирч эв эеэ засдаг. Айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо шороо тоосыг гүвж, утаа хийг цэвэрлэн малынхаа хот хороог засаж цэмцийлгэдэг. Хоточ нохойныхоо уяа хүзүүвчийг хүртэл сольж шинэтгэдэг. Эрчүүд нь хүлэг сайн морьдоо барьж хур дэлийг нь засдаг. Эмэгтэйчүүд нь идээ будаагаа засаж өмсөж зүүх хувцас хунараа цэгцэлж шинийн нэгний өглөөг угтахад хэрэгтэй зүйлсээ бэлдэж тавина. Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулсны дараа гэрийнхээ баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээнэ. Зүүн тотгон дээрээ өргөс бүхий харгана шарилж тавьж муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаана. Эрүү хэлийг нь заагаагүй битүү толгой чанаж бурхандаа тахил болгон өргөж хамар, чих, эврийн уг, нүх сүв, хотгор хэсэгт шар тос түрхэж тавьдаг. Бурхан шүтээндээ зул хүж барина.

Гэрийн хүмүүс бүгд шинэ дээлээ өмсөж идээ будаа бүхий ширээнээ сууцгааж, гэрийн эзэн битүүрэх зан үйлийг эхлүүлнэ. Битүү чөмөг таших өвөрмөц заншил үйлдэж, айл хөршийнхөндөө бууз баншнаасаа хүргүүлдэг. Идээ будаанаас цадтал идсэний дараа тоглоом наадгай тоглоно. Битүүний өдөр олон айл хэсэж тэнүүчлэх, хүүхдээ зодох, нохой гаслуулах, гэрийн дотор гаднаас хашгичин ярилцах, юм зажилж гадаа гарах, амаа арчихгүй гарах, онц яаралтай бус өвчинд эм тан уухыг цээрлэдэг. Албан байгууллагууд битүүний өдөр тамга тэмдгээ хэвтүүлэн тавьж “тамга амраах” ёслол хийдэг. 

Шинийн нэгний ёслол: Шинийн нэгний үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг. Үүр цайхдаа удаан гэгээ орж, нар мандах үед үүлгүй цэлмэг байвал нялхас багачуулд өлзийтэй сайхан жил гарч байна гэж үздэг. Шинийн нэгэнд үйл үртэс хийх, айлд хонох, уйлахыг цээрлэдэг.