Аливаа бизнесийн амжилтын түүх нь зөвхөн ашгаар хэмжигдэхгүй. Ашиг олох үйл явц хэр шударга, ёс зүйтэй байснаар үнэлэгдэнэ. Танил тал, улс төрийн дэмжлэг, арын хаалга, авлигаар асуудлыг шийддэг арга барил улирч, шахагдаж байна. “Сайн ах”-тай байх нь бизнест давуу тал биш. 

Жишээ нь, төрийн тендерт ялахын тулд албан тушаалтантай ширээн доогуур наймаалцах гэж оролддог, давуу байдал олж авахын төлөө юу ч хийхээс буцахгүй аминч хандлагаас татгалзахгүй бол эцсийн мөчид хэн ч байсан “хулгайч” л болж таарна.


Ороо бусгаа цагийн сиймхийг овжин ашигласан бизнес сайн нэр олно гэдэг хэцүү. Олох ч боломжгүй. Муу соёл тээсэн компани, бизнес цагийн эрхээр үнэнд гүйцэгдэж буй. Зарим нь гарах гарцгүй болж байна. Ажилчид нь өөртөө итгэлгүй, урам зориггүй болж байна. Хүний нөөцийн дутагдалд орж, хүмүүн капиталаа алдаж байна. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг. Энэ философийг үл тоох компаниуд хөрөнгө оруулагчдын итгэлийн гадна үлдэж, харилцагч түншүүд нь хүртэл нүүр буруулах, харилцаагаа таслах хэмжээнд хүрдэг. Зах зээл өөрөө өөрийгөө цэвэрлэж байгаа нь энэ. Товчхондоо, ёс зүйгүй бол ямар ч сайн бизнес дэлхийн зах зээлд гарч чадахгүй. Монголдоо ч цойлохгүй. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө мөнгө босгож, амжилтаа ахиулахгүй. Шударга бусын тойрогтоо л үүрд үлдэнэ гэсэн үг. Ийм компанийн ирээдүй бүрхэг.

Бизнесийн ёс зүй нь нэр хүндээр зогсохгүй зах зээлд илүү урт удаан орших, шударга өрсөлдөх, бүтээлч байх, хүний эрхийн мэдрэмжтэй, байгаль орчин, нийгмийн өмнө хариуцлагатай, урагшлан хөгжих баталгаа төдийгүй дархлаа аж. 

Тэрчлэн ёс зүйтэй, шударга хувийн хэвшилтэй улс орны хөгжил дотроосоо эрүүлжиж, нийгэм, эдийн засгийн үр нөлөө нь тэр хэрээр эерэг төдийгүй өндөр байдаг билээ. Дэлхийн банкны судалгаагаар, ёс зүйг бүхий л түвшинд төлөвшүүлж чадсан нийгэмд авлига хамгийн бага. Тэрчлэн баялгийн хуваарилалт тэр хэрээр шударга байдаг байна.

Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Төмөр зам гээд нийгмийн анхааралд өртсөн сэдвүүд өндрөө авсан нь улс төрд ч, бинзнест ч ёс зүй, шударга байдлыг нэхэмжилсэн нийгмийн захиалга байв. Бусдын боломжийг ямар ч хамаагүй аргаар “хулгайлсан” бол тэнд ёс зүй, шударга байдал ярих боломжгүй. Ёс зүй, шударга байдал дутсан учраас энэ бүхэн мандсан хэрэг.

Иргэд, олон нийт, бизнес эрхлэгчид өнөөдөр ёс зүй, шударга байдлын талаар эргэцүүлж, явж ирсэн замаа дор бүрнээ эргэн харахад хүрч буй. Цаашаа явах, ирээдүйгээ төлөвлөхөд ч ёс зүйг эрхэмлэн сахихаас аргагүй болж байна. Бизнес хийх гэж байгаа бол ёс зүй, шударга байдлыг нэн тэргүүнд авч үзэхгүй бол олон жилийн хөдөлмөр, хөрөнгө оруулагчдын итгэлийг хамт алдана гэсэн үг.

МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёс зүйн төв байгуулагдаж, ёс зүй, шударга байдлын үнэ цэнийг тодорхойлж, сургалт, хөтөлбөрүүдийг үе шаттай зохион байгуулж байна. Энэ нь цаг үеийн хэрэгцээ шаардлага байсан төдийгүй бизнесийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэх орчныг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх түүхэн алхам болсон. 

Шинэ үеийн бизнесийн стандарт, хэм хэмжээ нь ёс зүй. Ёс зүйгүй компани, аж ахуйн нэгж өөрөө өөрийгөө хүнд байдалд оруулж, босгосон бизнес, бүтээсэн амжилтаа хууль бус ганцхан үйлдлээр нураах хэмжээнд тулж ирж байна. Өөрөөр хэлбэл, цаг үе, зах зээл, төлөвшиж буй нийгэм ёс зүйг ашгаас илүүд үзэх боллоо. Олон нийт ёс зүйтэй бизнесийг, бизнес эрхлэгчийг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх нь цагийн аясаар улам тодорч, үнэлэмж өсөн нэмэгдэж байна.

Харин Хөгжлийн банкны зээлийн шалгуурт авлига өгч тэнцсэн, эсвэл улс төрийн эрх мэдлээр дулдуйдан их хэмжээний зээл авсан, авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, төслөө хэрэгжүүлж, цаг хугацаанд нь зээлээ эргэн төлөөгүй зарим компани, аж аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдлүүд ёс зүй тэдний хувьд ёроолдоо унасныг харуулна. 

Нөгөө талд бизнесийн ёс зүй, шударга байдал яагаад чухал болохыг улам тод сануулна. Ёс зүйг төлөвшүүлж, үйлдэл, үнэт зүйлээ болгож чадаагүй компанид бизнесийн шилдэг санаа, олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байсан ч нийгмийн шударга баялаг, үнэ цэнийг бүтээж чаддаггүй аж. 

Бизнесийн ёс зүй, шударга байдлыг мөнгөөр худалдаж авах боломжгүй. Харин өдөр болгон түүнийг үйл ажиллагаандаа гүн гүнзгий нэвтрүүлж, нутагшуулж, суралцаж, алхам тутам сайжруулж, хэмжиж, хэрэгжүүлж байж л үр дүн нь нэр хүнд, ашиг орлого, амжилтын түүх болон ирдэг аж. 

Бид өнгөрсөн хугацаанд компани сайн ажиллаж байгаа эсэхийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамжийн хэмжээ, тухайн жилийн орлого, ногдол ашиг, хөрөнгө оруулалт, ажилчдын цалин хангамж, компанийн нийгмийн хариуцлага, шинэ техник технологи нэвтрүүлсэн зэргээр харьцуулан дүгнэж байсан нь илүүтэй. Тэгвэл орчин цагийн бизнесийн чиг хандлага, соёл, оршихуй зөвхөн дээрх үзүүлэлтээр илэрхийлэхэд хэтэрхий өрөөсгөл болж байна. Ашиг орлого чухал. Үүнээс дутахгүй бизнесийн ёс зүй, шударга байдал нь ирээдүйн төдийгүй өнөөдрийн бизнесийн орчныг тодорхойлох, тэдний зиндааг илтгэх чухал хэмжүүр болж байна.


Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын Ерөнхий зохицуулагч, сэтгүүлч Б.Баяртогтох