Б.Жаргалсайхан: Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй

Б.Баясгалан
07 сарын 30, 2019

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр улс төрийн 17 намын төлөөлөлтэй  уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй  холбогдуулан санал солилцов.

Тус уулзалтын үеэр "Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Юуны төлөө Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгээ эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш, өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан.

Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална гэж үзэж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх  орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн  нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам,  Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө  нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн  нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын дарга, удирдлагууд  болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын Их Хурлын  гишүүн асан Д.Очирбат, АН-ын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан  Н.Батбаяр нар оролцсон юм.


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.