Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы тавдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан. Хууль ёсчлон батлагдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргэгдсэнээс хойш ажлын тав хоногт багтаан Ерөнхийлөгч хуульд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрхтэй. Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар УИХ-аас баталсан Үндсэн хуулийн өөрчлөлттэй танилцаж, Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтийн эхийг ёсчилсон байна. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ нэг танхимтай байна. Нийт 126 гишүүний 78-ыг сонгуулийн мажоритар, 48 гишүүнийг пропорциональ аргаар сонгохоор боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-аас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.

Үндсэн хуулийн өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн эх “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. Үүний дараа УИХ-аар УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2023.06.05) хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 23-наас өмнө, Улс төрийн намын тухай хуулийг наадмаас өмнө хэлэлцэн батлахаар болсон талаар мэдээлэв. Дараа нь Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ.