БХЯ: Байлдагч Н.Тэмүүжинг зодож гэмтээгээгүй, бүдэрч унан хөлөө бэртээсэн

Х.Оргил
05 сарын 16, 2019

Өчигдөр, цэрэгт татагдаад 14 хоногийн дараа баруун хөлийн дунд чөмөг хугарч Цэргийн төв эмнэлэгт яаралтай  хүргэгдэн хагалгаа хийлгэсэн талаар мэдээллийг бид хүргэсэн билээ. Уг асуудал дээр Батлан хамгаалах яамнаас мэдэгдэл гаргажээ. 

Мэдэгдэлд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид байлдагч Нямжавын Тэмүүжин нь  бүдэрч унан, хөлөө бэртээсэн гэсэн байна. Харин байлдагчийн гэр бүлийн зүгээс уг гэмтлийг гадны нөлөөтэй буюу зодуураас болсон хэмээн үзэж буй. 


МЭДЭГДЭЛ


2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

“Зэвсэгт хүчний 2018-2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 2019 оны I ээлжийн хугацаат цэргийн алба хаагчидтай “Цэргийн анхан шатны бэлтгэл”-ийг зохион байгуулан явуулж байна.

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид “Цэргийн анхан шатны бэлтгэл” сургалтад хамрагдаж буй 90 орчим цэргийн алба хаагч 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10.00 цагийн орчим сургалтын төлөвлөгөөний дагуу гүйлтэд хамрагдаж байх үед байлдагч Нямжавын Тэмүүжин нь бүдэрч унан, хөлөө бэртээсэн тохиолдол гарлаа. Байлдагч Н.Тэмүүжинг бүдэрч унамагц гүйлтийг удирдаж байсан цэргийн алба хаагчид түүнд туслан босгох гэсэн боловч хөл нь гэмтсэн байж болзошгүй байсан тул автомашин хөлслөн “Бүсийн оношлогооны төв”-д яаралтай хүргэсэн. Рентген зургаар байлдагч Н.Тэмүүжингийн баруун хөлийн дунд чөмөг хугарсан нь тогтоогдсон. Тиймээс байлдагч Н.Тэмүүжинг Цэргийн төв эмнэлэгт яаралтай хүргэн, шаардлагатай эмчилгээ үйлчилгээг үзүүлэн гэмтлийн мэс засалд оруулж, холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байлдагч Н.Тэмүүжинг зодож, гэмтээсэн мэтээр мэдээлж байгаа нь худал, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.


ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Холбоотой сэдвүүд

цэрэг цэрэг эрс

Сэтгэгдэл бичих (7)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.