ВАШИНГТОН. /BBC/. БНАСАУ-ын тээврийн хөлөг онгоцыг саатуулж, олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа тухай АНУ-ын эрх баригчид мэдээлэв.

АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр, уг хөлөг онгоцыг БНАСАУ-ын экспортын хамгийн их хувийг эзэлдэг нүүрсний тээвэрт ашиглаж байсан ажээ. Энэхүү онгоцыг анх 2018 оны дөрөвдүгээр сард Индонезод саатуулсан байна. 


АНУ БНАСАУ-ын хөлөг онгоцыг хориг арга хэмжээ зөрчсөн хэрэгт холбогдуулан саатуулсан анхны тохиолдол энэ болжээ. 

Өнгөрсөн онд саатуулсан “Wise Honest” нэртэй хөлөг онгоцыг саатуулах зөвшөөрлийг АНУ 2018 оны долдугаар сард гаргасан байна. Индонезын тал хөлөг онгоцыг шилжүүлсэн бөгөөд одоо АНУ руу ирж байгаа ажээ.


“Хөлөг онгоцныхоо гарал үүслийг нуун дарагдуулж, гадаадын орнууд руу сайн чанарын нүүрсийг олон тонноор нь экспортолдог БНАСАУ-ын схемийг бид илрүүлсэн” гэж АНУ-ын прокурор Жеффри С Берман мэдээлжээ. Мөн энэхүү хөлөг онгоцыг БНАСАУ руу хүнд машин механизм импортлоход ашигладаг байсныг тогтоосон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг