БНХАУ-ын Синофарм компанид үйлдвэрлэсэн Веросэлл вакцины 600.000 тунг өнөөдөр манай улс хүлээн авч байна. Вакциныг тээвэрлэсэн онгоц дөнгөж сая Буянт-Ухаа нисэх буудалд газардав. Тус вакцинаас нийт 900.000 тунг худалдан авах хэлэлцээ хийсэн бөгөөд 300.000 тун нь маргааш ирэх аж.

Өчигдөр 50.400 тун АстраЗенека ирсэн.

Мөн ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайд И.К.Азизов өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үеэрээ "Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10.000 тун “Спутник V” вакциныг өмнө нь нийлүүлсэн. Хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ" хэмээсэн юм.

Вакцинууд ирж буйтай холбоотойгоор Улаанбаатарт вакцинжуулалтыг маргааш буюу 4 дүгээр сарын 23-наас үргэлжлүүлэн хийхээ Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн. Хэзээ, хаана очиж вакцин хийлгэхийг дүүрэг, хорооноос нь иргэн бүрт утсаар мэдэгдэх аж.