Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисссын шийдвэрээр олон улсын нислэгүүдийг цуцлаад буй. Иймд БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд тусгай үүргийн онгоцоор авчрахаар болсон.

Тодруулбал, Эхний ээлжид эмнэлгийн хяналтад байдаг, өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг МИАТ ТӨХК-ийн тусгай хуваарьт нислэгээр авчрах юм.

2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 07.45 цагт Улаанбаатар-Сөүл, 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгүүд хийгдэх бол Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 08.55 цагт тус тус хийхээр хуваарь гарч бэлтгэл ажлыг хангажээ.

Улаанбаатар-Истанбулын нислэгийн зөвшөөрөл авахаар Туркийн талтай ажиллаж байгаа бөгөөд тухайн чиглэлийн нислэгийн тов тодормогц мэдэгдэх аж.

Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын шуурхай штабаас тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

Монголд ирээд эмнэлэг, сувиллын газар тусгаарлагдах иргэд 700.000 төгрөг, цэргийн хуарангийн зохион байгуулалттай байранд тусгаарлагдах иргэд 560.000 төгрөг, 6-18 насны хүүхэд 420.000 төгрөгийг ирэхээсээ өмнө бүрэн төлнө.


Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ