ПЁНЬЯН. /TASS/. АНУ болон БНСУ цэргийн хамтарсан сургууль хийсний хариуд зохих арга хэмжээг авна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/ мэдэгджээ. Тус улс пуужин харвасны дараахан энэхүү мэдэгдлийг хийсэн байна.  

БНСУ болон АНУ-ын команд-штабын сургууль даваа гарагт эхэлжээ. "Хоёр улсын хамтарсан сургууль нь Пёньян болон Сөүлийн хооронд байгуулсан “хэд хэдэн хэлэлцээрийг зөрчиж байна”" гэж БНАСАУ-ын ГХЯ мэдэгдсэн байна. “АНУ болон Өмнөд Солонгосын эрх баригчид олон нийтийн өмнө яриа хэлэлцээрийн талаар маш их ярьдаг хэдий ч бидэнд сэм цохилт өгөхөөр илдээ сугалдаг” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

“Хэрэв Америк болон Өмнөд Солонгосын эрх баригчид сохор азанд итгэн бидний өгсөн анхааруулгыг үл тоомсорловол, тэд үүнийхээ төлөө өндөр үнэ төлөх болно” гэж Умард Солонгосын ГХЯ анхааруулсан байна. Мэдэгдэлд мөн тус улсын эрх баригчид Вашингтон, Сөүлтэй "ойртохоос өөр арга замыг хайж" эхэлж магадгүй гэдгийг дурджээ.

Америк-Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулийн үеэр компьютерын симуляц ашиглан Зэвсэгт хүчнүүд болон төв командлалуудын үйл ажиллагааны тактикийг боловсруулах аж. Хамтарсан сургуулийн гол зорилго нь Хямралын нөхцөл байдлын удирдлагын төв штабыг бэлтгэх болон дайны үед цэргүүдээ шуурхай удирдах БНСУ-ын бэлэн байдлыг үнэлж дүгнэх юм. Урьдчилан мэдээлж буйгаар, хоёр орны хамтарсан сургууль наймдугаар сарын 20 хүртэл үргэлжилж магадгүй байна.  


Эх сурвалж: Монцамэ агентлаг