СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён бүс нутгийн эдийн засгийн чуулга уулзалт болон Сөүл хотын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын тухай хэлэлцэхээр Монгол болон БНХАУ-д энэ долоо хоногт айлчилж байна.

Ли Наг Ён даваагаас лхагва гарагт Монгол улсад албан ёсны айлчлал хийж, лхагва гарагт Хятадын Хайнань аралд айлчилж, пүрэв гарагт Боагийн чуулга уулзалтад оролцох ажээ. Хамгийн сүүлд буюу пүрэвээс бямба гарагт тэрбээр Хятадын баруун өмнөд нутгийн Чунцин хотод айлчлах юм. 


Монгол-БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд болох гэж буйг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхий сайд Монгол улсад айлчилж байна. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх арга замын тухай хэлэлцэх ажээ. 

Энэхүү айлчлалын дараа Ли Наг Ён БНСУ-ын өндөр дээд түвшний төлөөлөгчийн хувиар БНХАУ-д болох Боаогийн чуулга уулзалтад оролцоно. “Азийн Давос” гэгддэг энэхүү жил тутмын уулзалтыг Хятад улс 2002 онд санаачилж, Азийн улс төрчид, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд эдийн засаг болон бусад асуудлаар санал бодлоо солилцох газар болсон юм. 

Чуулга уулзалтын хүрээнд Ли Наг Ён БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга замын тухай хэлэлцэх юм. Мөн тэрбээр, Лаосын Ерөнхий сайд Тонглоун Сисулит болон Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттель нартай уулзах ажээ. 

Чуулга уулзалтын дараа БНСУ-ын Ерөнхий сайд Хятадын Чунцин хотыг зорих аж. 1910-1945 онд Солонгосчууд Японы колонид байх үед Солонгосын түр Засгийн газар энэ хотод байрлаж байжээ. 

2019 оны дөрөвдүгээр сарын 11-нд Солонгосын түр Засгийн газар байгуулагдсаны 100 жилийн ой тохиох бол, гуравдугаар сарын 1-нд Японы колончлолын эсрэг Тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлсний ой тохиосон байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг