Б.Одсүрэн: Түгжрэл бууруулах зорилгоор 90 байршилд холбоос зам, туслах замын зураг төслийн ажлыг хийж байгаа

Л.Дэлгэрмаа
11 сарын 30, 2021

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг төсөвлөснийг тайлбарлахгүй юу?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Түгжрэлийг бууруулах зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ гэж байгаа. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. 

Мөн 1800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан байгаа. 

-Богд Зонхов бурхныг барих зөвшөөрөл олгосон байсан уу?

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга:



-Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2004 онд баталсан байдаг. 

Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. Харин 2007 онд Гандан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа уг төлөвлөгөөнүүдийг нэгтгэн, түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байна. 

Монгол Улсын Засгийн газар болон Соёлын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургууд батлагдсан. Гэхдээ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй. Энэ бол нийслэлээс хийж байгаа ажил биш.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.