Боловсролд бодлого хэрэгтэй байна

Peak.mn
01 сарын 30, 2023

Цаг хугацааны мэдрэмж

Сонгууль хүртэл тэртэй тэргүй хэн ч, юу ч хийж амжихгүй, чадахгүй гэсэн уур амьсгал хүмүүсийн дунд бий болчихоод байна. Оны өмнө байгуулагдсан Засгийн газарт уг нь ч сонгууль хүртэл хугацаа бий. Гэтэл хагас жилд байтугай дөрвөн жилд ч гавьтай юм хийлгүй цаг хугацаа бардаг төр баригсдын хэвшмэл дүр төрх нийгмийн сэтгэл зүйд амжихгүй нь, чадахгүй нь, ердөөсөө энэ нийгэмд юу ч бүтэхгүй нь, хар амиа бодохоос өөр аргагүй нь гэсэн гутрангуй бодол түгээж, нийгэм тэр чигээрээ өөдрөг итгэл үнэмшлээр цангаж байна. Урсан өнгөрөх цаг мөч бүр ганц олдох хүний амьдралд үнэ цэнэтэй. Гэтэл төр засгийн ажил алдагдаж, буруу зөрүү бодлого явуулах бүрийд жирийн иргэд амьдрал ахуйгаа өөд татах хайран цагаа алдан хохирч, уруудаж, ядуурч байхад, дөрөв дөрвөн жилээр байр сууриа бэхжүүлсээр байх эрмэлзэлдээ автсан эрх баригчид хуучнаараа үлдэхийг улайрч, цаг хугацааг санаатайгаар сунжруулж, санасан зорьсноо харин ч гүйцэлдүүлсээр ирлээ. Бид өргөн уудам газар нутагтай ч улам бүр цаг хугацаагаар хэмжигдэх өнөөгийн амьдрал ахуйдаа тэгтлээ уужуу, аажуу тайван хандаад байх бололцоотой билүү?

Япон хүн дунджаар ная насалж байхад монгол хүн тэднээс хорин жил дутуу насалж байх юм. Хуулийн дээд хэмжээ авлаа ч амь хэлтрүүлээч гэж өршөөл гуйж, үхсэнээс насаараа шоронд байсан нь дээр гэж үзэж, хүний амьдралаас хорин жилээр дутуу амьдрахдаа "хувьтай хүн хулгана жилийг үзнэ" хэмээн бид баярлацгаах болж. Гэтэл хорин жилд таван удаагийн сонгууль үзнэ дээ.

Манайд жийп унадаг 500 дарга байдаг гэнэ билээ. Тэдний лав 150-иас доошгүй нь ирэх сонгуульд зодоглож, эргэн тойрныхон нь хөгжөөн дэмжиж, зарим нь засуул хийх маягтай төр түмний ажил бүхэлдээ "наадмын талбай"руу шилжих цаг тун дөхөж байна. Улс орноо хөгжин бадрахыг, үр ач нарынхаа аз жаргалтай амьдрахыг энэ яваа насандаа лав үзэхгүй нь, хойд насандаа яадаг юм бол доо гэсэн гутарч цөхөрсөн үзэлтнүүд энэ Монголоор дүүрэн байгаагийн учир юусан билээ.

Зорилго нь хоосон мастер төлөвлөгөө

Монголд болж бүтэхгүй байгаа бүх зүйлийн учгийг хөвөөд хөөж үзэхээр явж явж үзүүрт нь угаасаа буруу, гажуу явж ирсэн боловсролын систем байж таардаг. Монгол залуус тооны томъёог хэнээс ч илүү цээжээр мэддэг мөртлөө хэрхэн амьдрах аргаа мэддэггүй гэдгээс эхлээд өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл амьдралаас алд дэлэм тасархай боловсролын тогтолцооноос эхтэй. Цаг хугацаа өнгөрч, сайд дарга нар солигдсоор, хүн бүхэн л "энэ боловсрол болохгүй байна" гэлцэж байгаа ч боловсролын системд төрийн бодлого үгүйлэгдсээр, өөрчлөлт, шинэчлэлийн үнэр ч алга хэвээр. Насныхаа ихэнхийг номын дуу сонсч өнгөрөөдөг ч сургуулийн танхимд олж авсан мэдлэг, боловсролоо ашиглаад амиа зогооход туйлын бэрх. Оногдсон энэ амьдралаа хувь тавилан, үйлийн үр гэж өөрийгөө зөвтгөх, буруутгах олон хүний амьдрал үнэн хэрэгтээ төр засгийн бодлогоос ихээхэн хамааралтайг, гажуу системийн золиос мөнийг мэдэхгүй нь даанч олон. Эхнээсээ хоосон, хийсвэр, амьдралаас хол тасархай явж ирсэн боловсролын тогтолцоо нь олон олон хүнийг нэг дор, агшин зуур дайрах гамшиг ослоос ч хорлонтойгоор насан туршид, агшин хором тутам хор хөнөөл амсуулсаар, шийтгэсээр байна.

"Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө"-ний эхэнд боловсролын зорилгыг "...ард иргэдэд боловсрол олгох нөхцөл бололцоог адил тэгш болгох, боловсролын үйлчилгээг нутаг дэвсгэрийн хувьд хүртээмжтэй болгосноор ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш бус ялгаатай байдлыг арилгах..." гэж томъёолжээ. Хүн бүр сурч боловсрох адил тэгш нөхцөл бололцоотой байх нь зүйтэй гэсэн нэгэн заалт Үндсэн хуульд байдаг. Харин энэ төлөвлөгөөнөөс чухам ямар боловсролтой хүмүүсийг бэлтгэх зорилт тавиад байгааг нь би лав хайгаад олсонгүй.

Бид өөрсдийн түүх соёл, уламжлал болон цаг агаар, байгаль орчин гээд яах аргагүй монгол хүний онцлогийг тооцсон, шинжлэх ухааны үндэстэй хүний хөгжлийн асуудлыг системтэй судалж байсангүй. Өөрсдийгөө сонирхож судлахгүй, өнөөгийн монголчууд ямар онцлогтойг тооцохгүйгээр олж авах боловсрол гээчнь таарч тохирохгүй гутал хувцас, хоол хүнс хэрэглэж байгаатай адил. Уг төлөвлөгөөнд цааш нь: "...боловсролын тогтолцооны бүтэц, сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгож дэлхийн хөгжингүй орны нийтлэг жишигт хүргэх" гэжээ. Эндээс 2015 он гэхэд манай боловсрол гадаадын хөгжингүй орнуудын жишигт хүрч чадах уу гэсэн асуулт гарч байна. Юм үзээгүй, хариуцлагагүй хүн л хэнэггүйгээр, зүгээр л цаас харж байгаад ийм зүйл бичдэг байх. "Хүний боловсрол хүмүүжил төрөхөөс нь зуун жилийн өмнө эхэлдэг" гэсэн Англи ардын үг байдаг. Манайд бол нүдээ нээгээд л тэр бүхнийг олоод авчих юм байх. Тав зургаан зуун жилийн суурин иргэншлийн явцад бүрэлдсэн Европын боловсролын хөгжилд арав хүрэхгүй жилийн хугацаанд мөрөөдөл, зүүдээрээ л хүрч очих нь юу юм гэхээс биш үүнийг бодитой зорилго гэж үзэх аргагүй юм. Хамаа намаагүй зүйлийг хамж шимж, төсвөөс ахиухан мөнгө салгах зорилго бүхий мастер төлөвлөгөөнүүд зөвхөн боловсролын салбарт ч биш, манай өнөөгийн бүх салбарын нийтлэг дүр төрх болоод байна.

Цаасан дээрх тодорхой зорилго, агуулгагүй, хоосон "Мастер төлөвлөгөө"-ний дагуу төрийн ажил, цэцэрлэг, сургуулиас эхлээд их дээд сургууль хүртэл боловсролын бүхий л хүрээнд удирдлага санхүү, боловсон хүчний эмх цэгцгүй, үрэлгэн замбараагүй байдал үргэлжилж, монголчууд бид үеийн үеэрээ хохирсоор явах уу?

Хоосон стандартаар хол явахгүй

Боловсролын стандарт хөтөлбөр боловсруулж, багш нарт зориулсан байнгын сургалт семинар явуулах зорилгоор байгуулагдсан "Боловсролын хүрээлэн"-г ямар ч төсөвгүй, яам тамгын газраас мөнгө төгрөг гуйж гувшиж байх бүтэцтэй батлаад өгчихсөн болохоор угтаа олон арван судлаач, эрдэмтэд багш нар холхилдож, бүтээлч ажил ундарч байх ёстой энэ газар эл хуль, уртаашаа гурав дөрөвхөн хүнтэй. Элдэв төсөв зардал ахиухан ажилд яам тэднийг гар хүргүүлэхгүй, төсөв мөнгө зарах ажлыг яамны хаалганаас гадагш цухуйлгахгүй байлгаж байгаад яаж ийгээд өөрсдөө дур мэдэн хийнэ. Жишээлэхэд, 2001-2004 онд Ерөнхий боловсролын сургуулийн стандартыг шинэчилсэн явдал байлаа. 

Сургалтын стандарт гэдэг агуулга, үнэлгээ, орчны гэсэн гурван иж бүрдэл болж байж сая хэрэгжих ёстой байдаг.

Гэтэл өнөөг хүртэл орчны стандарт гээч нь огт гараагүй. Гэтэл явж явж яг энэ стандарт нь багш нарт хамгийн үр өгөөж, хэрэгтэй зүйл нь байдаг. Хэдэн дэвтэр засаад хичнээн төгрөг авах вэ, сургалтын ямар тоног төхөөрөмжтэйгөөр, ямар анги танхимд тухайн сургалтыг явуулах вэ зэрэг нь багш нарын нийгмийн асуудал, сурагчдын эрүүл ахуйд зайлшгүй нөлөөтэй, уг нь. Гэтэл өнөөг хүртэл гараагүй сургалтын орчны стандартыг багш нар яагаад үгүйлэхгүй байгаа юм бол оо? Эсвэл огт хэрэггүй зүйл юм болов уу?

Жирийн багш, мэргэжлийн хүмүүс уг стандартын агуулгын болоод үнэлгээний хэсгийг өөрийнхөө түвшинд ойлгохгүй, хэрэгжүүлэхгүй байгаа учраас л өнөөг хүртэл сураггүй байгаа "Орчны стандартыг" нэхэж шалахгүй явж иржээ. Яам тамгын өрөө тасалгаануудад хөрсөлсөн энэ мэтийн дампуу байдал иргэдэд даанч хаалттай, далд хэвээр. Цагаан цаасан дээр хараар бичсэн төдий хоосон стандарт хөтөлбөрөөр боловсрол хөлөө олж хол алхаж чадахгүй.

Боловсролын стандарт хөтөлбөр ойлгомж муутай, дэвшүүлж байгаа санаа нь багш сурагчдад хүрэхгүй байна. Толгой өвдөхгүй тоо боддог, физикийн томъёонуудыг цээжээр мэддэг мундаг хүүхдийг бэлтгэхийг монгол аав ээжүүд "Манай боловсролын хамгийн сайн стандарт хөтөлбөрийн ноён нуруу" гэж ойлгож, хүүхдээ "хүн болгох"-оос илүү чухалчилж, аль нэг гүнзгийрүүлсэн сургалтаар "бөмбөгдсөөр". Үүний үр дүнд хүүхдүүдийн зарим нь янз бүрийн олимпиадаас медаль зүүснээрээ бахархаж, зарим нь мэдрэлийн ядаргаанд орж, нөгөө заримынх нь сурч боловсрох эрмэлзэл мохож "Сургууль нураасай" гэж дуулахад хүрч байна.

Инженер техникийн боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрийн социализм байгуулах төлөвлөгөөтэй уялдаатай хуучин ЗХУ-ын боловсролын бодлогоос ангижраагүй, тэрчлэн бүх хүүхдийг нэг орчин нөхцөлд "форм" сургалтаар тэгшитгэх коммунист зорилтоос шийдвэртэй татгалзахгүйн гай балаг арилахгүй нь ээ. Огт нийгэмшээгүй хөдөөний хүүхдийг хотын хүүхэдтэй эн тэнцүү үзэх нь халамжийн сайхан санаа. Гэвч энэ нь амьдрал дээр бүр эсрэгээрээ, харгис хатуу зүйл болж хувирах нь элбэг. Нийгмийн шалгарлыг даасан хувилбарт сургалт манайд зайлшгүй чухал бөгөөд "Хүүхдийг гэр бүл, сургууль төдийгүй бүхэл бүтэн тосгон хүмүүжүүлдэг" гэсэн Африк ардын үг манай төрийн бодлогод тусаасай. Тоочоод байвал энэ мэт олон зүйлийг эцэс төгсгөлгүй бичиж болж байна. Монголчууд боловсролыг төр засагтаа даатгасаар ирсэн , төр засаг харин боловсролоор, хүнээрээ даажигнасаар ирлээ.

Р.Энхбат

Холбоотой сэдвүүд

бодлого боловсрол

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.