Цэдэнбалын Цэрэндолгор
07 сарын 30, 2022
“Аялахад мөнгөнөөс илүүтэй мөрөөдлөө биелүүлэх бодит төлөвлөгөө чухал. Хамгийн гол нь зорьж зориглож чадвал боломж дүүрэн” гэж үүргэвчтэй аялагч Б.Сарантуяа ярьсан юм. 25 насандаа 25 оронд, өдгөө 42 орноор аялаад буй түүний түүхийг уншигч та бүхэндээ хуваалцаж байна.
Бичлэг үзэх:
Фатимагаас эхлэлтэй аяллын түүх
Индонези улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцээд Бали арлын Денпасар хотын сургуульд аялал жуулчлалын чиглэлээр 2014-2015 онд сурч байлаа.
Тэр үед хамт сурч байсан Фатима гэж Эквадор охин надад аяллын замд хөтлөх урам зоригийг өгсөн. Нэгдүгээр семистрийн амралтын үеэр Фатима надад Зүүн Өмнөд Азийн орнуудаар сарын турш аялах тухайгаа дуулгаад хамт аялах санал тавив. Анх сонсоод л аюултай юм шиг санагдаад шууд татгалзчихсан. Бас үүргэвчээ үүрээд тэтгэлгийн 1000 ам.долларт багтааж аялна гэхээр санаанд буугаагүй хэрэг.
Сарын дараа уулзахад тэр миний мэддэг байсан Фатима биш болсон байлаа. Мэдээж эерэг утгаараа. Энэтхэгт будгийн фестивальд оролцсон, Вьетнамд түм түжигнэж, бум бужигнасан олны дунд орсноо, Камбожид эртний сүмд очиж үзсэн тухайгаа гээд миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлсийг тэр ганцхан сарын дотор үзэж, эрч хүчээр цэнэглэгдчихсэн ирсэн.
Эх орондоо ирээд буцсан, аялсан Фатима бид хоёрын үзэж харсан зүйлс, сэтгэлгээний хооронд асар их ялгаа гарчээ. Би хэзээ дуртай үедээ Монголдоо очиж болно, иймээс цаг хугацааг ашиглаад аялах л хэрэгтэй юм байна гэдгийг тэр үед ойлгосон.
25 насандаа 25 орноор аялах мөрөөдлөө биелүүлсэн минь
Яагаад ч юм 23 настайдаа 25 нас хүрэхдээ 25 улсаар аялна гэсэн зорилгыг өөртөө тавьчихсан. Зорилгодоо хүрсэн аялал буюу 25 насныхаа төрсөн өдрөө би 25 дахь улс Израйлд зорин ирсэн байлаа. Тэр мэдрэмжийг юугаар ч зүйрлэшгүй. Өөрийн амлалтадаа хүрсэн тэр өдрөө ганцаараа үүргэвчээ үүрээд зорилгодоо хүрэхийн тулд зөндөө хичээснээ санасан, хичээл зүтгэл минь талаар болоогүйд талархсан.
40 гаруй орноор аялсан гэхээр хүмүүс яаж аялсан бэ, санхүү мөнгөө яаж босгосон бэ гэж сониучирхаж асуудаг. Эсвэл боломжтой, мөнгөтэй айлын хүүхэд байх гээд янз янзаар л ойлгодог юм шиг санагдсан.
Миний хувьд жирийн дундаж амьдралтай айлын хүүхэд. “Аяллаар явах нь ээ, надад мөнгө өгөөч” гэж ганц удаа ч эцэг эхээсээ асууж үзээгүй. Байлаа ч авах хүсэлгүй бие даасан хүн. Мэдээж хэрэг аялахад мөнгө санхүү чухал. Гэхдээ хамгийн чухал нь зорих л чухал юм билээ.
Зорилго тавьж, төлөвлөж эхэлснээр аялалд гарах зам эхэлдэг
Аялахыг хүсдэг хүмүүст багахан зөвлөгөө хүргэе. Та аль нэг улсад очихыг хүсэж мөрөөддөг бол зорилго тавиад, зорилгынхоо төлөө алхмуудаа тодорхойлоод үзээрэй. Ингэснээр аялна гэдэг үг хоосон мөрөөдөл биш бодит алхам болж эхэлдэг. Цаг заваа төлөвлөхөөс гадна, юу үзэхээ жагсаах зэргээр төсөв, зардлын баримжааг гаргаж болно. Ингэж дараагийн алхмуудаа тодорхойлж, дэс дараатайгаар биелүүлээд явахад боломжгүй зүйл гэж үгүй. Жишээ нь зардлаа яаж олох вэ гээд асуулт гараад ирнэ. Зорьсон зүйлийнхээ төлөө хүн зүтгэдэг л юм билээ.
Миний хувьд иймэрхүү байдлаар аялал бүхнээ төлөвлөж зарцуулах санхүү мөнгөө олохын тулд давхар ажил хийх, зарим тохиолдолд аялж очсон улсдаа ч сайн дурын ажил хийсэн ч удаа бий. Тиймээс л аялахад мөнгөнөөс илүү, очно гэсэн чин хүсэл эрмэлзэл чухал юм шиг санагдсан. Гэнэт л үүргэвчээ аваад гарч болно л доо. Гэхдээ төлөвлөгөөгөө гаргахгүй бол бүтэлгүйтэх магадлал маш их.
Анхны аяллын үеэр би автобусанд сууж айлд хонох байсан юм. Тухайн үедээ байрлах айлынхаа хүнтэй холбогдоно доо гээд санаа амар явж байтал автобусанд WiFi байгаагүй. Очих айлынхаа хүнтэйгээ холбогдож чаддаггүй. Гэрийн хаяг, утасны дугаарыг нь ч аваагүй. Нэлээн орой 11 цагийн үед Ромд буусан тул бүх газрууд хаачихсан. Яахаа мэдэхгүй хонох газаргүй, бороон дундуур гудамжинд уйлчихсан явж байснаа одоо ч санаж байна. /инээв/ Монголдоо тайван байхын оронд энд ирээд, ингэж ч явах гэж дээ гэж бодсон, тэр шөнө надад юу тохиолдох байсныг би мэдэхгүй шүү дээ. Азаар юу ч тохиолдоогүй. Тэр үед зочид буудал таарч, тэндээ төлөвлөөгүй их зардал гаргаж хоноглоод цаашаа явсан.
Сүүлд нь төлөвлөгөөгөө дутуу гаргаснаа ойлгосон. Аялал сайн төлөвлөөд жуулчдын очдоггүй, аюултай хэсгээр явахгүй бол аюул өөрөө ирнэ гэж бараг байхгүй дээ.
Хямдхан аялахаар төлөвлөж хүмүүст зориулсан энгийн хэдэн зөвлөгөө
Монголоос гарчихвал аяллын зардал багасдаг нь үнэн. Жишээ нь Зүүн Өмнөд Азид хямдхан airline гэвэл Аir аsia маш хямдхан нисдэг. Нислэгүүдийн тийз нь улс хоорондоо 20-30-хан ам.долларт багтана. Хот хоорондоо бараг 10 ам.доллар зарцуулдаг. Жишээ нь Гүрж улсаас Иран улс руу нисэхэд нэг талдаа 30 ам.доллараар нисэхдээ өөртөө ч итгээгүй. Автобусанд суухаас ч бага мөнгө төлсөн учраас тэр.
Хаана байрлавал хамгийн хямд вэ гэж маш олон асуудаг. RBMB гээд сайт байгаа үүнийг ашиглаад та нэг өрөө түрээслэх ч юм уу нэг хаус түрээслэх ч юм уу нэг байрыг түрээслэх боломжтой байдаг.
Миний хувьд ганцаараа аялах үедээ Couchsurfing гээд веб ашигладаг. Соuchsurfing нь аялагчдад зориулсан, айлд үнэгүй байрлахад тусалдаг веб сайт. Тэр веб сайтыг ашигласнаар миний амьдралд мартагдашгүй хэдэн найзуудтай болж, зөндөө дурсамжтай үлдсэн. Жишээ нь Иранд аялж байх үедээ Иран айлд буусан. Гэрийн эзэд нь залуухан хос Монгол руу аялж үзэхийг хүсдэг тухайгаа хэлж монгол хүнтэй танилцаж уулзаж, ярилцаж үзмээр байна, манайд хүссэн хугацаагаараа байж болно гэж урьсан. Би тэнд байрлах хугацаандаа аяллынхаа бүх түүхийг ярилцсан. Маш халуун дулаан уур амьсгалтай сайхан айл байсан. Одоо ч бид байнга холбоотой байдаг. Олуулаа аялж байгаа үедээ aguada, Booking.com гээд веб сайт ашиглаж hostel захиалдаг. Энэ платформыг ашиглаад буудлаа захиалаад явчихдаг. Төлөвлөгөө яаж гаргах вэ гээд зарим хүмүүс мэддэггүй. Тэгэхээр хамгийн шилдэг платформыг Trip adviser гэж хэлнэ. Хэрвээ та Португал Порту хот руу очих бол энэ хотод очоод заавал үзэх ёстой, сонирхолтой 10 газар гээд гаргаад ирдэг юм.
Түүний блог танилцахыг хүсвэл...
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [83.254.136.136] ・ 2023.06.26 Хариулах
Gaihaltai zorigtoi ohin bna, huug min daguulaad aylaach, yaj holbogdoh vee?
Зочин [192.82.80.146] ・ 2023.06.22 Хариулах
hi. ene ohintoi oortei ni yaj holbogfoh we
Зочин [202.126.88.209] ・ 2022.08.18 Хариулах
Sna uu mundag yma sanhuugee yaj zohitsuldag we
Санал болгох
1 Хөгжилд хөтлөх инженер
2 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
3 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
4 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
5 Г.Мөнхнасан: Сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэснээр урт хугацаандаа цахилгааны төлбөр төлөхгүй байх боломжтой