Монгол түмний хайртай хөгжмийн зохиолч Б.Шаравын сэтгэлд хоногшсон хөгжмийн бүтээлүүдийг уран зургаас уншиж, "сонсох" болох нь. Зураач, графикч, дизайнер, “Жорой Хулан арт галерей”-г үүсгэн байгуулагч Т.Хулан суу билэгт хөгжмийн зохиолчийн төрсөн өдрийг тохиолдуулан (11 сарын 13) хамтран гаргахаар зэхэж байсан үзэсгэлэнгээ нээх гэж байна.

Т.Хулан тээр нэгэн жил хөгжмийн зохиолчийн “Сэтгэлийн эгшиг”-ийг сонсож ээ сууснаа шууд зурж эхэлсэн юм билээ. Дулаахан, гэгээхэн, харж удаан зогсмоор нандин бүтээл төрүүлснээ хожим нэгэн үзэсгэлэнгийнхээ үзмэр болгон залсан байсан. Үзэсгэлэнд нь саатсан бас нэгэн уран бүтээлч уран зургийг ихэд таалж “Их гоё болжээ. Бусад хөгжимд нь зураач” гэж. Санаа авсан зураач хөгжмийн зохиолчийн дуунууд, оркестрын бүтээлүүдийг ч байнга сонсож байх болсон бөгөөд сэтгэл нь хөглөгдсөөр байжээ. Дахин хоёр, гурван бүтээлд зурж эхлээд байтал хөгжмийн зохиолч хүндээр өвдсөн тухай мэдээ сонсов. Хөгжмийн зохиолч эмчлүүлсээр, цаг хугацаа өнгөрсөөр байлаа. Бүтээн туурвих их хүсэлд автсан зураач энэ оны хавар эрт хөгжмийн зохиолчийн Богд уулын ар хормойд байх гэрт нь очиж хийсэн бүтээснээ үзүүлж, хөгжим, уран зургийн тухай олон цагаар ярилцан сууж, хөгжмийн зохиолчийн гэргийтэй гурвуулаа инээлдэж, хөхрөлдөж байхад зураачийн сэтгэл тэнийгээд иржээ. 

Санаа нь хөгжиж, эргэлзээ тайлагдсан байна. Зураач хөгжим, тэр дундаа монголчуудын сайн мэдэх зохиол, бүтээлүүдэд зураг зурж чадах уу гэж өөрөөсөө байнга асууж, нэг ёсондоо сэтгэлдээ тээг үүсгээд байсан нь тэр өдөр тайлагдаж. Хөгжмийн зохиолч зургуудыг нь таалж байгаагаа хэлэхийн сацуу шүүмж хэлж, зөвлөгөө өгч байсан аж. Зураач зурсаар байхад Б.Шарав багшийн бие муудаж байв. Тэд дахиж уулзаагүй. Гэхдээ хөгжмийн тансаг бүтээлүүд нь зураачийн сэтгэлд, гарт уянгалсаар, өнгө ялдам, ялгуунаар эгшиглэсээр зураг болон хувирч байв.
Зураач Т.Хулан хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжмийн бүтээлүүдэд зурсан бүтээлийн үзэсгэлэнгээ түүнтэй хамтарч гаргахаар зэхэж байсан, өдгөө “Б.Шарав” сантай хамтарч үзэгч, сонсогч олны мэлмий оюунд өргөн барихад бэлэн болов.
Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 23-ны 12:00 цагт “Жорой Хулан арт галерей”-д болно.