Х.Оргил
04 сарын 17, 2022
БНСУ-ын цэргийн алба хаах тухай хуульд зааснаар хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд хоёр жил орчим цэргийн алба хаах үүрэг хүлээдэг. Гэхдээ тус хуульд тусгай нөхцөл байдаг бөгөөд олон улсын шагнал, медаль хүртсэн тамирчин, сонгодог урлагийн салбарын уран бүтээлчдэд цэргийн албанаас чөлөөлдөг. Үүнээс үүдэн К-поп салбар нь дэлхийг шуугиулж байгаатай холбогдуулан BTS хамтлагийг цэргээс чөлөөлөх тухай асуудал эрчимтэй яригдсаар байгаа юм. Өмнө нь 2020 онд Өмнөд Солонгосын үндэсний ассамблей хамтлагийн гишүүдийг цэргийн алба хаах хугацаагаа 30 нас хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн хуулийг баталжээ.
Мөн өнгөрсөн арван нэгдүгээр сард Өмнөд Солонгосын хэд хэдэн хууль тогтоогчид улс орныхоо дэлхийн нэр хүндийг өсгөхөд ихээхэн хувь нэмэр оруулсан К-поп уран бүтээлчдэд Цэргийн албаны тухай хууль буюу BTS-ийн хууль гэгдэх шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг өргөн барьсан. Одоогоор уг хуулийн төслийг хэлэлцэх шатанд яваа аж.
BTS хамтлаг одоогоор Las Vegas хотод аялан тоглолттой байгаа юм.
“Permission to Dance On Stage” тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр HYBE компанийн мэдээлэл харилцаа холбооны захирал И Жин Хён уг асуудлын талаарх сэтгүүлчдийн асуултад "Бид Өмнөд Солонгост цэрэг татлагын асуудал хэр чухал болохыг мэдэх тул энэ талаар ярихдаа маш болгоомжтой хандаж байна. Бидний хэлэхийг хүсч буй нэг зүйл бол уран бүтээлчид яг одоо энэ асуудлын талаарх бүх зүйлийг компанийн гарт хариуцуулсан.Өмнө нь тэд үүргээ биелүүлнэ гэж удаа дараа мэдэгдэж байсан, одоо ч өөрчлөгдөөгүй. Харин 2020 оноос хойш цэрэг татлагын тогтолцоо гишүүдийн төсөөлж ч байгаагүй байдлаар өөрчлөгдсөн. Мөн энэ оны эхээр Цэргийн албаны тухай хуулийг шинэчлэх санал гаргаснаас хойш уран бүтээлчид холбогдох бүх шийдвэр гаргах ажлыг компанийн гарт даатгасан” хэмээн хариулжээ.
Энэхүү асуудал нь дан ганц BTS-ийн залуусыг цэргээс чөлөөлөх тухай биш бөгөөд К-поп айдолуудад хууль эрх тэгш үйлчилж тэдгээр залуусыг хөнгөвчилсөн нөхцөлөөр албан үүргээ биелүүлэх боломжийг олгоход зорьж байгаа юм.
BTS хамтлагаас гадна энэ хуулийн заалтад хамрагдах айдолуудын эхэнд жагсаж Billboard чартад амжилт гаргаж буй Stray Kids, TXT, Seventeen зэрэг олон айдолуудын эрх ашгийн асуудал ч үүнд хамаарагдах юм.
Хангайхүүгийн Даваахүү
Эх сурвалж: koreaherald.com
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.