Солонгосын алдарт BTS хамтлагийн гишүүн Ким Согжин цэргийн алба хаахаар болсныг HYPE агентлагаас мэдээллээ.  

Өмнөд Солонгос улсын 18-28 насны эрчүүд хуулийн дагуу 18-21 сарын хугацаатай цэргийн алба хаах үүрэг хүлээдэг. Учир нь цөмийн зэвсэгтэй Хойд Солонгосоос эх орноо хамгаалахад эрчүүд хувь нэмрээ оруулах ёстой гэж үздэг байна. 

Хэрэв цэрэгт явбал тэрбээр 1.5- 2 жил орчим хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч, к-поп ертөнцөөс түр завсарлага авах аж. 


Солонгос улсад олимпийн наадам, тивийн тэмцээнд оролцож медаль авсан тохиолдолд мөн классик хөгжимчид, бүжигчдийн цэргийн алба хаах хугацааг багасгаж, хугацаанаас нь эрт чөлөөлдөг байна.

Өмнө нь 2020 онд Өмнөд Солонгосын үндэсний ассамблей хамтлагийн гишүүдийг цэргийн алба хаах хугацаагаа 30 нас хүртэл хойшлуулахыг зөвшөөрсөн хуулийг баталжээ.

Ким Согжин нь хамтлагийнхаа хамгийн ахмад буюу хоёр сарын дараа 30 нас хүрэх юм. Тэрбээр энэ сарын сүүлээр цэргийн алба хаах хугацаагаа хойшлуулахаар өгсөн хүсэлтээ цуцалж, бэлтгэл ажлаа хангаж эхлэх бөгөөд бусад гишүүд ч бас тус тусын төлөвлөгөөний дагуу цэргийн алба хаана гэдгийг HYPE агентлаг мэдээллээ.