Он солигдоход бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт мэдрэмж төрдөг, өнгөрөгч оноо дүгнэн цэгнэж, ирээдүйд юу хийхээ төлөвлөнө. Гэхдээ төлөвлөгөөг зөвхөн тэмдэглэлийн дэвтэр дээр бичээд үлдээх тийм ч хангалттай биш. Та үнэхээр л тэр зүйлийг хүсэж мөрөөдөж, биелүүлмээр байгаа бол хүслийн самбартай болох нь чухал. Ингээд он гарахаасаа өмнө хүслийн самбараа хэрхэн бүтээх тухай хувь хүний хөгжлийн коүч Ж.Цэцэгсүрэнгийн зөвлөгөө хүргэж байна.

#Хүслийн самбартаа заавал өөрийнхөө зургаа оруул

Энэ бол хэн нэгний бус зөвхөн таны хүсэл. Тийм учраас заавал өөрийнхөө зургаа хүслийн самбартаа наагаарай. Мөн өөрийн хүсэж буй зүйлийнхээ зургаа нааж эвлүүлнэ. Гэхдээ сануулах нэг зүйл бий.  Та нас биед хүрсэн хүний логик сэтгэлгээгээ түрхэн зуур орхиорой. Томчуудын логик сэтгэлгээ ажиллахаараа “Би ч шал дэмий юм хийж байна”, “Энэ ч бүтэхгүй дээ” гээд элдвийг эргэцүүлээд эхэлдэг. Иймээс өөрийн хүсэж буй зүйлсийнхээ зургаа нааж эвлүүлэхдээ бүтээлч сэтгэлгээгээр хандаж, мэдрэмжээ чагнах нь чухал. Ямар зураас, өнгө тэмдэгтээр юу хүсэж мөрөөдөж байгаагаа илэрхийлж зурмаар байна, дураараа л бол. Хамгийн гол нь мэдрэмжээ сонс.


#Хүсэл мөрөөдлөө таньж, эмх цэгцэнд оруул

Толгойнд байгаа олон бодлоо таньж, эмх цэгцэнд оруулах хамгийн энгийн арга бол бичиж тэмдэглэх, хүслийн самбар хийх юм. Ингэснээр юуг зорилгоо болгохоо мэдэж авна гэсэн үг. Учир нь заримдаа мөрөөдөл гэж бодож явсан зүйлс энгийн, ач холбогдолгүй бодол байх нь ч бий. Харин жинхэнээсээ хүсэж байсан бүхэн цаасан дээр өөрийн эрхгүй бууна.  Дотоод “би”-гээ чагнаж хийсэн хүслийн самбараа хүн харахад чухал, чухал биш зүйлс ялгаж чаддаг. Ингэж зургаа гаргаж чадвал та өөртөө үнэнчээр хүслийн самбарт байгаа зүйлээ хүсэн, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ. 


#Энэ хүсэл биелвэл яах вэ?

Чи хэн болохыг хүсч байна тэр хүнээ санаандаа төсөөлөн бод, тэгээд тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө өөрийгөө бүтээ гэсэн үг бий. Гэхдээ та өөрөөсөө тэрхүү хүсэл тань жинхэнээсээ хүссэн зүйл мөн үү, энэ хүсэл биелвэл яах вэ гэдгийг бодож үзээрэй.


#Нүдэндээ харагдахаар газар байрлуул

Би Колумбын их сургуульд суралцах гэж олон жил мөрөөдсөн. Зургийг хэвлэж аваад гэрийнхээ хананд, ажлынхаа компьютерын процессор дээр наачихдаг байлаа. Өглөө өдөртөө заавал харна. Колумбын их сургуулийн өмнөх буйлс цэцэглэсэн талбайн урдуур үүргэвч үүрэн цааш алхаж яваа бүсгүйг өөрийгөө гэж төсөөлдөг байлаа.Хожим яг тэр сургуульдаа очоод өмнүүр алхаж явахдаа өөрийгөө зүүдэлж байна гэж бодож билээ. Мэдээж төсөөллийн хүч гайхалтай. Тийм учраас та бүхэн хүслийн самбараа нүдэнд харагдах газар тавиарай. Зарим хүмүүс хүнд харуулмааргүй гэдэг юм. Тэгвэл зургийг нь гар утсаараа аваад өдөртөө харчихаж болно шүү дээ.


#Хүсэл мөнгөөр хэмжигддэг зүйл биш

“Хүслийн самбар & Зорилгодоо хүрэх самбар" арт коучингийн сургалт хийж байхдаа би үүнийг анзаарсан. Хүмүүс хүсэл гэхээр холын эсвэл матераллаг зүйлсээр төсөөлдөг. Мэдээж матераллаг эд багтах ч хамгийн их хүсдэг зүйл нь хүний дотоод үнэт зүйлс байх нь бий. Гоо сайхан, хувь хүний хөгжил талын хүсэл давамгайлахыг ч анзаарсан. Тэр мөрөөдлүүдийг хүсэл, зорилго болгож, зорилго нь зорилт болж хуваагдаж байж таны бодсон бүхэн тань биелнэ. Хүслийн самбар тэр зорилго руу хүргэх шат гүүр нь юм


#Цаг зав гарга

Амьдралын аар саархан ажил хэзээ ч дуусахгүй. Тийм учраас хүслийн самбар хийхээр шийдсэн бол өөртөө цаг гаргаарай. Хэн ч саад болохгүй газрын сонгож сууж, төвлөр. Өөртэйгээ байх цаг завыг гаргаж оюун ухаанаа цэгцлээрэй. Эсвэл өглөө эрт тархи бие сэргэг цагт босож тэмдэглэлийн дэвтрээ хөтөлж, хүслийн самбараа хийж болно. Өөрийнхөө давуу тал, ур чадвараа улам сайн дайчилж, тууштай байгаарай. Биелэх боломж нь та нарын гарт л бий.


#Бичсэн юм бүхэн биелдэг

Оросын ТВ-ээр 20-иод жилийн өмнө хүслийн самбарын талаар сонсож байсан юм.Тухайн үед хүсэж мөрөөдөж байсан бүхнийхээ төсөөллийг сэтгүүлээс зураг хайчилж буулган, заримыг харандаагаар ваатуум цаасан дээр зурсан. Жишээ нь хэзээ нэгэн цагт валютаар цалин авах юмсан гэж мөрөөдөж ээжээсээ нэг долларын дэвстгэртийг нь зээлэн дуурайлган зурсан. Зурахдаа 500 доллар гэж бичсэн, 50 доллар хүрэхгүй цалинтай жирийн нэгэн төрийн албан хаагчид томдсон дүн байлгүй яахав. Гэхдээ л бичиж зурж орхисон. Яагаад ч юм тэгтлээ чухалчилж хийсэн зүйлээ хаа ч юм хийгээд мартчихсан байснаа нүүдэл хийхдээ олоод жигтэйхэн гайхсан. Юу гээч, зарим зураг нь салсан ч хүслийн самбарт нь бичсэн бүхий л зүйл биелсэн байв. Цалин гэхэд 500 биш 1000 доллар авдаг болчихсон байж билээ. Мэдээж энэ бол ид шид биш. Хүн хүсэж байгаа зүйлээ бодит мэт дүрслэн мөрөөдөж чадвал биелдэг гэдэг бичигдээгүй хууль бий. 

Хүссэн зүйлийнхээ төлөө тууштай үйлдэл, алхам хийх нь чухал. Хийхгүй бол мэдээж таны хүсэл биeлэхгүй....