Б.Туул: Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 125 гр орчим мах идэх ёстой

Хүдэрчулууны Хулан
03 сарын 11, 2026

ШУТИС-ийн дэргэдэх Шим тэжээл судлалын төвийн захирал Б.Туултай цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын талаар ярилцлаа. 


-Цэцэрлэгийн насны хүүхдийн өглөөний хооллолт юунаас эхлэх ёстой вэ?

-Өглөө өлөн элгэн дээрээ халуун бүлээн ус уухыг зөвлөдөг. Дангаар нь ууж болно, эсвэл бага зэрэг хужир, нимбэг, зөгийн бал хийж болно. Ус ууснаар хоол боловсруулалт, шимэгдэлт сайжирч, ходоодны хүчил, ферментийн үйл ажиллагааг дэмждэг.

Дараа нь тослог агуулсан хүнс бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Жишээлбэл, зөөхий, цөцгий, хайлмаг зэрэг. Учир нь цөс өөх тосыг задлах үүрэгтэй. Хэрэв өглөө тос огт хэрэглэхгүй бол цөсний өтгөрөл явагдаж, удаан хугацаандаа чулуужих эрсдэлтэй.

Мөн сүүтэй будаа, овьёос, өндөг, талх, бага зэрэг жимс зэргийг хослуулан өгөх хэрэгтэй. Харин өглөө хүнд махан хоол идүүлэхийг төдийлөн зөвлөдөггүй.


-Цэцэрлэгийн хүүхэд өдөрт хэдий хэмжээний мах хэрэглэх ёстой вэ?

-Хоол тэжээлийн физиологийн норм гэж бий. Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт бүх төрлийн махаа нийлүүлээд ойролцоогоор 125 грамм мах авах ёстой.

Гэхдээ нэг удаагийн хоолоор тэр 125 граммыг авна гэсэн үг биш. Нэг аяга хоолонд дунджаар 30-40 грамм, ихдээ 50 грамм мах ордог. Тиймээс үлдсэн хэрэгцээг оройн хоолоор нөхөх шаардлагатай.

Цэцэрлэгийн хоолыг хүүхдийн өдөрт авах ёстой нийт илчлэгийн 80 хувийг хангахаар тооцож бэлтгэдэг. Үлдсэн 20 хувийг гэрийн хоолоор заавал нөхөх ёстой. Оройн хоолонд мах өгөх хэрэгтэй ч их хэмжээгээр биш, шөлтэй хоолонд 30-40 грамм мах байхад хангалттай. Хамгийн гол нь хөнгөн, амархан шимэгдэх хоол байх ёстой.


-Д аминдэмийг хэзээ, хэрхэн өгөх нь зөв бэ?

-Д аминдэм тосонд уусдаг амин дэм. Тиймээс тослог хүнстэй хамт хэрэглэвэл шимэгдэлт сайн. Гэхдээ заавал махан хоолны дараа ууна гэсэн нарийн заалт байхгүй. Өдрийн аль ч цагт өгч болно.


-Сүү, цагаан идээний хэрэглээ яагаад чухал вэ?

-Сүү, цагаан идээ бол кальцийн хамгийн сайн эх үүсвэр. Өсөж буй хүүхдийн ясны ургалт, өсөлт маш эрчимтэй явагддаг. Тиймээс өдөр бүр дор хаяж нэг аяга сүү эсвэл тараг өгөх хэрэгтэй.

Ялангуяа тараг, айраг, хоормог зэрэг исгэсэн бүтээгдэхүүн нь гэдэсний ашигтай бичил биетний сайн эх үүсвэр болдог. Гэдэсний бичил орчин хэвийн байснаар дархлаа сайжирч, өсөлт хөгжилт хэвийн явна. Гэдэсний ашигтай бичил биетэн нь хүний биеийн олон үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.


-Элэг, дотор мах хүүхдэд өгөх нь хэр зохистой вэ?

-Элэг, дэлүү зэрэг дотор мах нь булчин махнаас илүү шим тэжээлтэй. Амин дэм, эрдэс бодисоор баялаг.

Жишээлбэл, элэг шарж идсэний дараа шээс шар өнгөтэй болох нь бий. Энэ нь амин дэмийн агууламж өндөртэй холбоотой.

Хэрэв хүүхэд үнэрт нь дургүй бол сайтар чанаж, үнэрийг нь багасгаад өгөх, эсвэл уушги, элгээр бөөрөнцөг, котлет хийж өгөх боломжтой. Хүүхдийг багаас нь төрөл бүрийн амтанд дасгах нь чухал.


-Хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь юутай холбоотой вэ?

-Буруу хооллолт, чихэрлэг амттан, ундаа, чипс зэрэг эрүүл бус хүнсний хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой. Мөн ус бага уух нь нөлөөлнө.

Пробиотик хүнс, жишээлбэл тараг, хоормог, исгэсэн байцай зэргийг тогтмол хэрэглэвэл гэдэсний бичил биетэн хэвийн байж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна. Өдөрт дор хаяж 4-5 аяга ус уух хэрэгтэй.


-Хүүхдэд нэмэлт амин дэм өгөх шаардлагатай юу?

-Хүнсийг үндсэндээ 5 бүлэгт ангилдаг. Үүнд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ, үр тариа, уураглаг хүнс буюу мах махан бүтээгдэхүүн орно.

Эдгээр 5 бүлгийн хүнсийг тэнцвэртэй, зохистой хэрэглэж чадвал нэмэлт амин дэм, эрдэс бодисын бэлдмэл заавал хэрэглэх шаардлагагүй. Хамгийн чухал нь төрөлжсөн, тэнцвэртэй хооллолт юм.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.