Сан-Франциско дахь Калифорнийн Их сургуулийн профессор Роберт Ластиг бол магадгүй Хаус эмчийн дараа орох Америкийн хамгийн алдартай эмч байх. Түүний хамгийн олон хүнд хүрсэн “Сахар: гашуун үнэн” нэртэй лекц YouTube худсанд 4 сая гаруй хандалт авсан, “Өөхлөг боломж: Фруктоз 2.0” лекцийг мөн 4 сая хүн үзсэн байна. Роберт Ластигийн хамгийн алдартай лекцийн хамгийн сонирхолтой хэсгүүдээс түүвэрлэн сонирхуулж байна. 

Description: Эндокринолог Роберт Ластиг: Разрешенный во всем мире наркотикРоберт Ластиг

“Өөхлөг боломж” лекцендээ Ластиг эмч зарим тосгүйжүүлсэн хүнсний бүтээгдэхүүнүүд болон зөв хооллолтын талаарх номнууд яагаад таргалалт үүсгэдэг, мөн хүнс үйлдвэрлэгчид үүнд ямар хамааралтай болох талаар ярьдаг. Энэ жил Ластиг эмчийн багийнхан хүнсний бүтээгдэхүүний зах зээлд судалгаа хийж, чихрийн шижин болон таргалалт зэрэг өвчнүүд үүсэх үндэс нь юу байсныг тогтоожээ. Ластиг эмч худал ойлголтуудтай олон жилийн турш тэмцсээр ирсэн. Эрүүл мэнд болон эрүүл хооллолтын талаарх орчин үеийн ойлголтууд нь хуурамч баримт, үзэл санаанд тулгуурласан байдаг.Энэ бол хий хоосон муйхрал биш: профессор Ластиг санаа болгоноо олон улсын болон үндэсний хэмжээнд хийгдсэн судалгааны үр дүн, баримтаар нотлодог. 


Дэлхий дахиныг хамарсан асуудал

Дэлхий дээр өлсгөлөнд нэрвэгдсэн хүний тоо таргалалттай хүмүүсээс 30%-иар бага байна. Нийт хүн амын 5% (366 сая хүн) чихрийн шижин өвчтэй ба уг өвчнөөр өвдөх нь сүүлийн 15 жилийн хугацаанд эрс нэмэгджээ. Өлсгөлөнгийн асуудалтай улс оронд таргалалт гэдэг бол үндэсний хэмжээний асуудал болоод байна. Ялангуяа хүүхдийн таргалалт асар хурдацтай нэмэгдэж байна. Энэ зүй тогтол АНУ, Япон, ОХУ болон бусад хөгжиж буй улс оронд улам тод ажиглагдсаар...

2012 онд АНУ чихрийн шижин өвчний эмчилгээнд 245 тэрбум ам.доллар зарцуулсан бол таван жилийн хугацаанд энэ тоо 41%-р нэмэгдсэн байна. Бодисын солилцооны алдагдал, хүндрэлийг эмчлэхэд эрүүл мэндийн салбарын төсвийн ¾-г зарцуулж байна. Бодисын солилцооны синдром бол зөвхөн тарган хүмүүсийн асуудал биш юм. Бодисын солилцоо алдагдсанаас үүдэн цус харвалт, чихрийн шижин, хавдар зэрэг үхлийн аюултай өвчнүүд үүсэх үндэс тавигддаг. Эмч нар хэвийн жинтэй хүмүүсийн 40-70%-д бодисын солилцоо алдагдсан гэсэн оношийг тавьсан байдаг. Иймд хүн гаднаасаа тарган харагддаггүй байлаа гээд тарган хүмүүсийн өвчнөөр өвдөхгүй гэсэн үг биш юм. 


Таргалалт хэрхэн үүсдэг талаар дэлхий нийтийн буруу ойлголт 

Энерги хадгалагдах хуулийн дагуу бид хэрэглэсэн (идсэн) бүх калорио (энерги) шатаах ёстой, эс бөгөөс өөх болон хуримтлагддаг. Саруул ухаанаар бодоход эрүүл байхын тулд бага идэж, их хөдлөх хэрэгтэй. Энэ бүхнээс буруу ойлголт үүсэж байна: нэг бол бага ид, эсвэл их шатаа, үгүй бол тэгээд л өнгөрөө... Бүх хариуцлагыг хэрэглэгч буюу хохирогч өөрөө үүрнэ. Ластиг эмч энэ хандлагын эсрэг олон жил тэмцэж байна

Нэгдүгээрт, бүх калори ижилхэн биш. Ямар бүтээгдэхүүнээс гаралтайгаасаа шалтгаалж өөр өөр байдлаар боловсрогдож, хуримтлагддаг. Энэ утгаараа чихэрлэг хүнс тослог хүнснээс илүү аюултай байдаг. 

Хоёрдугаарт, биеийн дасгал хөдөлгөөн хийх нь турахад нэмэр болдоггүйг баталсан. Мэдээж дасгал хийснээр булчинтай болж биеийн ерөнхий чийрэгжил сайжирна. Гэхдээ турахгүй.

Гуравдугаарт, бүх төрлийн өөх тос эрүүл мэндэд хортой биш. Арьсан доорх өөхөн давхарга бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөхгүй ба өвчин тусах үндэс болохгүй. Целлюлит харагдахдаа муухай ч аюултай өөхлөлт биш гэсэн үг. Харин дотор өөх гаднаасаа харагдахгүй ч зүрх, элэг болон бусад дотор эрхтнүүдийг бүрхэн хуримтлагдаж жинхэнэ аюулыг дагуулдаг.

Хүмүүс их иддэг болчихсон. Бургерийн дундаж калори сүүлийн 25 жилийн хугацаанд 210 ккал-аас 618 ккал болж 3 дахин нэмэгджээ. Эрэгтэйчүүд 25 жилийн өмнөхтэй харьцуулахад өдөрт 187 ккал, эмэгтэйчүүд 335 ккал, өсвөр үеийнхэн 275 ккал илүү их илчлэг идэж хэрэглэж байна. Яагаад юм бол? Хүн ихэвчлэн орчны дарамт, нөлөөнөөс болж үүссэн биохимийн эмгэг явцаас шалтгаалж хэтрүүлэн идэх гээд байдаг. 


Дэлхий дахинаа зөвшөөрөгдсөн хар тамхи 

Зохистой хооллолтын талаарх ном, зөвлөмжинд түргэн хоол найрлагандаа их хэмжээний давс, өөх тос, сахар агуулдаг тул хортой хэмээн заасан байдаг. Яг үнэндээ хүний тархи өөх тос эсвэл давсанд дасал болдоггүй, харин сахар л тархинд хүчтэй хар тамхи шиг нөлөө үзүүлдэг. Тэр байтугай, аль нэг төрлийн хар тамхинд дасал болсноор ижил үйлчилгээ үзүүлдэг бусад төрлийн хар тамхинд донтох суурь нь тавигддаг байна. Иймд энэ бүхнээс дараах дүгнэлтийг хийж болох юм: багаасаа чихэрлэг, сахар ихтэй хоол хүнс идээд сурчихсан хүүхэд цаашдаа архи, хар тамхинд донтох эрсдэл өндөр байдаг. 

Өнөө үед чихэрлэг ундааг “тархинд хэрэгтэй глюкоз агуулдаг” хэмээнэрүүл мэндэд тустай мэтээр сурталчилж байна. Чихэрлэг амт байхгүй хүнсэнд хүртэл сахар далд хэлбэрээр агуулагдаж байдгийг санаарай. Тухайлбал, сахарыг мах шарахдаа эсвэл соус өтгөрүүлэхдээ ашигладаг. Ийм учраас фруктозын хэрэглээ сүүлийн 50 жилийн хугацаанд 5 дахин нэмэгдсэн юм. 

Таргалалт үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын хамгийн эхэнд чипс болон шарсан төмс багтдаг. Ундааны хувьд лимонтой ундаа, хийжүүлсэн ундаа болон сокууд тэргүүн эгнээнд жагсаж байна. 

АНУ-ын газрын зургийг харах юм бол хийжүүлсэн ундааны хэрэглээ болон таргалалтын түвшин, чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийн хоорондын харилцан хамаарлыг ажиглаж болно. Сүүлийн 50 жилийн хугацаанд сахарын хэрэглээ гурав дахин нэмэгдсэн. Өмнө нь ядуу буурай улсын тоонд ордог байсан Бразил улс энд тэргүүлж байна. Учир нь өнгөрсөн зуунд Бразил улсын иргэд нь сахарыг худалдан авч дийлдэггүй байсан тул экспортод гаргадаг байжээ. Харин 20-р зуунд сахарын үнэ буурсан мөн Бразил улсын эдийн засаг сайжирсан тул сахар хэрэглэгч улс орнуудыг тэргүүлэх болов.  

Чихрийн шижин өвчний тархалтыг авч үзвэл Саудын Араб улс, Кувейт, Катар, Арабын Эмиратууд болон Малайз зэрэг улс орнуудад хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 

Description: Эндокринолог Роберт Ластиг: Разрешенный во всем мире наркотик

Эдгээр улсуудад чихрийн шижин өвчин яагаад ийм их тохиолдох болов? Шалтгаан нь уур амьсгал болон соёлын онцлогт байдаг. Дундаж агаарын температур өндөр, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон тул иргэд нь хүйтэн чихэрлэг ундаа их уудаг. Зарим талаараа чихэрлэг ундаа согтууруулах ундаанаас илүү аюултай мэт. Учир нь хүн бүрт согтууруулах ундаа хэрэглэх дээд хэмжээ гэж байдаг, хүн тэр хэмжээнээсээ илүү ихийг ууж чадахгүй гэсэн үг. Харин ундааг бол литр литрээр нь уух боломжтой. 

UCSF-ийн эрдэмтэд НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Чихрийн шижингийн олон улсын хороо, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас 204 улсын тоо баримтыг авч дүн шинжилгээ хийж хоол хүнсний хэрэглээ, чихрийн шижингийн хамаарлыг гаргаж иржээ. 

2000-2007 буюу долоон жилийн дотор гэхэд дэлхий дээрх чихрийн шижин өвчний түвшин 5,5-аас 7% болтолоо өсжээ. Үүнд нөлөөлсөн олон хүчин зүйл байгаа ч хамгийн их нөлөө үзүүлсэн нь сахар болон нүүрс усаар баялаг хоол хүнс юм. Хүнсний бүтээгдэхүүний илчлэг тийм ч чухал биш гэнэ: өдөрт 150 ккал илүү илчлэг хэрэглэсэн ч чихрийн шижин өвчин тусах магадлал 0,1%-р л нэмэгдэх юм байна. Гэхдээ та тэрхүү 150 калорийг чихэрлэг ундаагаар авч байгаа бол чихрийн шижин өвчтэй болох магадлал 11 дахин нэмэгдэнэ гэсэн үг. 

Дэлхий дахинаа тохиолдож буй чихрийн шижин өвчний 20% нь удамшил, буруу хооллолтын шалтгаант бус харин зөвхөн сахараас үүдэлтэй байдаг аж. Үүнээс дараах дүгнэлтийг хийж болно: чихрийн шижингийн тархалтыг зогсоохын тулд сахарын хэрэглээг хязгаарлах шаардлагатай юм.

Орчин үед хүн сахарыг ямар хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулж хэрэглэж байна вэ? 1/3-ийг нь бид чихэрлэг ундаагаар, 1/6 нь десертээр, харин тал хувийг чихэрлэг бус хоол хүнсээр дамжуулан авдаг. Эдгээрт – соус, талх, гоймон болон бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд орно. 1990 онд Америкийн хүнсний салбарынхан FDA (Хүнс, эмний хяналтыг комисс)-т шинэ журам оруулж ирсэн. Энэхүү журмын дагуу үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний шошгон дээр сахарын агууламжийг бичих шаардлагагүй болж байгаа юм. Үүнийгээ тэд компанийн нууц, жорын нууцлалт хэмээн тайлбарлаж байгаа аж. Одоог хүртэл тус журам хэрэгжиж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүнүүдийн шошгон дээр сахарын агууламжийг заасан үзүүлэлт байдаггүй.

Супермаркетуудаар худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүний 80% нь сахарын агууламж өндөр байдаг. Сахар бол арилжаа наймааг хөдөлгөгч гол хүч болоод байна. Дасал, донтолт үүсгэдэг тул бид түүнийг ахин дахин худалдаж авсаар л байдаг. 

Сүүлийн 30 жилийн хугацаанд хэрэглэгчдийн мах, сүүн бүтээгдэхүүнд зарцуулах мөнгө 5-10%-р багасч, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон чихэрлэг амттанд зарцуулах мөнгө 2 дахин нэмэгджээ.

2008 онд болсон их хямралд өртөөгүй, харин ч борлуулалт, орлого сайтай байсан цөөн хэдэн компаниуд бол McDonalds, Coca-Cola, Pepsi. Учир нь тэд жил бүр улам их бүтээгдэхүүн борлуулах аргаа олчихжээ. Энгийн иргэд өөрсдийгөө сахарын донтолтод орсон гэдгээ ухаарахгүй байгаа тул бид бүхэн одоохондоо хүчин мөхөс байна. Улс орны Засгийн газрууд сахарын донтолтыг хязгаарлах, үүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь харамсалтай.