Peak.mn
06 сарын 12, 2026
Дауны хам шинжтэй иргэдийн асран хамгаалагчид “United Voice” уриан дор үндэсний хэмжээнд анх удаа нэгдэж, дауны хам шинжтэй хүүхэд болон иргэдийн эрүүл мэнд, хөгжил, нийгмийн оролцоог дэмжих асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус чуулганыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Дауны холбоо хамтран, Австралийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулжээ.

Чуулганы хүрээнд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд Дауны хам шинжтэй хүний хөгжлийн онцлог, төрснөөс насанд хүртэлх эрүүл мэндийн хэрэгцээний талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөллүүд “Төрснөөс насанд хүртэлх эрүүл мэндийн замнал” сэдвээр хэлэлцэж, хүүхдийн өсөлт хөгжил, хөдөлгөөний чадвар, хараа, амны хөндийн эрүүл мэнд зэрэг асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөгөө өгсөн байна.

Чуулганд нийслэл болон орон нутгаас 110 орчим асран хамгаалагч оролцож, Дауны хам шинжийн талаарх олон нийтийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, гэр бүлүүдийн дуу хоолойг бодлогын түвшинд хүргэх шаардлагатайг онцоллоо.
Энэхүү уулзалт нь Дауны хам шинжтэй хүмүүсийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт болон гэр бүлийн дэмжлэгийн тогтолцоог сайжруулахад асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Б.Үжин
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.57.93.201] ・ 10 цагийн өмнө Хариулах
Mundag bain amjilt?❤️