Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй

Н.Жавхлан
11 сарын 18, 2024

Аз жаргалтай хүмүүсийн нууц юу вэ?

Та өглөө гэрээсээ ум хумгүй яаран гарч өглөөний цайгаа уухгүй орхигдуулаад байгаа юм биш биз? Өдөр л юм идчихэд болно доо гэж бодон өглөөний цайг үл тоодог бол анхаарлаа наашаа хандуулаарай. 

Өглөөний цай бол зайлшгүй идэх шаардлагатай хоол гэж үздэг. Учир нь оройн хоолноос маргааш өглөөний цайгаа уух хүртэл хугацаа нь хүний бие хамгийн удаан шим тэжээлгүй байдаг үе юм. Тиймээс өглөөний цай нь онцгой нөлөөтэй. 

Тэгвэл өглөөний цайгаа уухын ашиг тусаас хүргэе.

Эрүүл зүрхний гол нууц

Өглөөний цайгаа уудаг болон уудаггүй хүмүүсийг харьцуулсан судалгаагаар цайгаа уудаггүй хүмүүсийн зүрх судасны өвчин тусах магадлал илүү өндөр байжээ. Түүнчлэн өглөөний цайгаа уудаггүй хүмүүс жин нэмэх хандлагатай байдаг ба цаашилбал, цусан дахь холестерины хэмжээ болон даралт ихсэж, чихрийн шижин тусах аюултай байдаг аж. 

Илүүдэл жингээс сэргийлнэ

Та турахын тулд хоолоо сойгоод өглөөний цайгаа уухгүй яваад байна уу? Тэгвэл энэ нь маш буруу ойлголт шүү. Өглөөдөө сайн тэжээллэг хүнс хэрэглэчихвэл бүхэл өдөржин эрч хүчтэй байж, их идэхээс сэргийлж чаддаг. Энэ ч мөн судалгаагаар нотлогдсон зүйл шүү. 

Өдрийн эрч хүчийг хангана

Америкийн хоол тэжээлийн эмнэлзүйн нэгэн сэтгүүлийн гаргасан судалгаанд өглөөний цайгаа уусан хүн уугаагүй хүнээс илүү эрч хүчтэй байгааг ажигласан байна. Өглөөний цай ууснаар метаболизм буюу хоолыг шингээж, энерги гадагшлуулах үйл явцыг дэмждэг байна. Ингэснээр илүү калори шатаахад тустай болдог. Хэрэв өглөөний цайгаа хойшлуулбал хоолны дуршил илүү нэмэгдэх аж. 

Ой тогтоолтод сайнаар нөлөөлнө

Өглөөний цай нь хүний ой санамж, сэтгэн бодох, ярих, төвлөрөх чадварыг сайжруулахаас гадна бүтээлч байдалд эергээр нөлөөлдөг гэж Италийн Миланийн Их Сургуулийн судалгаагаар нотлогдсон байдаг. 

Эрүүл үстэй байхад тусална

Үсний 95% нь кератин хэмээх уургаас бүрдсэн байдаг. Бид тэрхүү уургийг нөхөхийн тулд өглөөний цайндаа уургаар баялаг хүнс хэрэглэх нь эрүүл үстэй байх нэг үндэс болдог. 

Өглөөний цайгаа хойшлуулж болохгүйгээс гадна тохирсон зөв хоол хүнсээ сонгож хэрэглэх нь ч мөн чухал юм. 

Дээр дурдсанчлан өглөөний цайнд уургаар баялаг хүнс хэрэглэх нь тохиромжтой. Ингэснээр уураг нь цатгалан мэдрэмж төрүүлж, өдрийн туршид хоол хүнсээ хянах боломжийг олгодог юм. Тухайлбал, өндөг, тараг, сүү, бяслаг, загас, тахианы мах зэрэг бүтээгдэхүүнүүд нь уургаар баялаг байдаг.

Хэрэв өглөөний цай ууж сураагүй, гэнэт эхлэх гэхээр чадахгүй байгаа бол бага багаар эхлээрэй гэж зөвлөе. Нэг зүсэм шарсан талх, эсвэл тал аяга тараг ууж эхлээд үзээрэй. Ийнхүү бага багаар дасгаж идсээр нэг л мэдэхэд өглөөний цайгүй л бол явж чаддаггүй зөв зуршилтай хүн болох юм. 

Эх сурвалж: MedicineNet

Холбоотой сэдвүүд

эрүүлмэнд өглөөний цай

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.