Б.Өлзийхишиг: Амархан ядарч, сэтгэл санаа тавгүйрэх нь эрдэс амин дэмийн дутагдалд орсны түгээмэл шинж

Peak.mn
10 сарын 17, 2022

Хүний биед эрдэс, амин дэмийн тэнцвэр алдагдсанаар ядрах, стрессдэх болон бусад өвчлөлийн ихэнх суурь тавигддаг. Тэгвэл эрдэс, амин дэмээ дутагдаж байгаа эсэхийг хэрхэн хянах, дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар Stellar Clinic-ийн их эмч, American Nutrition Association /Америкийн шим тэжээлийн холбооны гишүүн/ Б.Өлзийхишигтэй ярилцлаа. 


-Хүнд эрдэс, амин дэм ямар чухал нөлөөтэй болохыг бүгд мэдэх байх. Тэгвэл монголчуудад ямар төрлийн эрдэс, амин дэмийн дутагдал түгээмэл байна вэ? 

-Хүмүүс дэлхийн бөмбөрцгийн аль бүсэд амьдарч байгаагаас хамаараад хүмүүсийн эрдэс, амин дэмийн түвшин өөр өөр байдаг. Шинжилгээнээс үзэхэд голдуу D, E витамин, Mg зэрэг эрдсийн дутагдалтай гарч байна. 

Эдгээр амин дэм болон эрдсийн эх үүсвэр нь далайн гаралтай бүтээгдэхүүн, навчит ногоо, бүх төрлийн самар, авакадо гэх мэт монголчуудын түгээмэл хэрэглэдэггүй хүнс байгаа юм. 

Эрдэс амин дэмийн дутагдлаас гадна хүнд металлын хордлого их ажиглагдаж байна. Стресс ихтэй, оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүст B-ийн төрлийн амин дэмийн дутагдал илрэх нь элбэг байна.


-Хаврын улиралд хүн хамгийн их сульдаж, ядардаг. Энэ нь эрдэс бодисын тэнцвэрт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Улирал солигдоход хүний бие, сэтгэл санаанд өөрчлөлтүүд орох тохиолдолбий. Үүнийг Seasonal affective disorder гэж нэрлэдэг. Өвлийн цагт хүний дархлаа, ялангуяа халдварын эсрэг механизм эрчимтэй ажилладаг. 

Өвлийг давсан эрхтэн систем туйлдаж ядрахын хажуугаар хүн эрдэс бодисоо алддаг. Мөн улиралын онцлогоос шалтгаалан хавар, намарт харшлын урвал эрчимжин хүний халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлж, бие махбод сулардаг. 

Иймээс л хавар эрдэс бодис, амин дэмийн тэнцвэрээ үзүүлж, шаардлагатай амин дэмээ ууж байхыг эмч нар зөвлөдөг.


-Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль нь түлхүү эрдэс бодис, амин дэмийн дутагдалд ордог вэ?

-Манайд үзүүлж байгаагаас харахад эрэгтэй эмэгтэй гэлтгүй ялгаагүй амин дэмийн дутагдалд орчихсон байдаг. 

Тэгсэн хэрнээ эрэгтэйчүүдээс түүнээс хамаарсан шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг асуухаар “Зүгээрээ, тэгээгүй ээ, мэдэхгүй” л гэдэг. Уг нь бол шинж тэмдэг илэрч, бие нь хямарч байгаа. Манайхан ажил амьдрал гэж явсаар анзаардаггүй юм шиг.

Гэтэл өнөөдөр эрэгтэй хүний дундаж наслалт эмэгтэйчүүдээс таван насаар бага байна шүү дээ. Тиймээс эрэгтэйчүүдийг ч гэсэн энэ өөрийнхөө эрүүл мэндэд анхаараасай гэж хүсэж байна. Хаврын улирал дархлаандаа анхаарах хамгийн гол цаг шүү.

-Эмэгтэйчүүд жингээ хасах үед хэр их эрдэс бодис алддаг вэ?
-Хүний эрхтэн тогтолцоо өөрөө дасан зохицох механизмтай байдаг. Гэтэл манайхан турна гээд бага багаар дасгахгүй гэнэт хоолоо сойчихдог. 

Гэнэт огцом идээд, эсвэл юу ч идэхгүй байхаар хүний биеийн эрдэс бодис, амин дэмийн баланс алдагддагийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Өөрөөр хэлбэл хамаг бодисын солилцоо стрессийн уураг руу чиглэгдэж эрдэс бодисоо алдаж эхэлдэг. 

Уг нь хүний бие тун ухаалаг. Эхлээд хоол сойх цагаа бага багаар нэмээд байвал эд эрхтэн үүндээ дасаж эхэлдэг. Нэгэнт ядарсан бие дээрээ нэмээд өлсөөд эхэлбэл яваандаа хүнд өвчний эхлэлийг ч тавих магадлалтай. 


-Жингээ хасахын тулд хэрэглэдэг эм бэлдмэл эрдэс, амин дэмийн тэнцвэрийг алдагдуулах уу?

-Тураах бэлдмэл хэрэглэнэ гэдэг хоолны дуршил буурч, хоол тэжээлээс авах амин дэмээ алдана гэсэн үг. Тэр хэрээрээ ядарч, сульдаж, дархлаа суларч, өвчинд өртөмтгий болдог. Тураах бэлдмэл хүний биед ороод маш удаан задардаг. Бас элгэнд маш их ачаалал өгч, элэгний эд эсийг гэмтээдэг.


-Тэгвэл эсрэгээрээ хүмүүст эрдэс бодис илүүдвэл юу болох вэ?

Илүүдчихвэл үүнийг багасгадаг зүйл гэж байхгүй. Илүүдэх нь дутагдсантайгаа ижилхэн сөрөг үр дагавартай. Том зүйл жижгээс эхлэлтэй байдаг. Үүнтэй ижил олон өвчний суурь нь эрдэс, амин дэмийн тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байж болно. 


Эрдэс, амин дэм илүүдэх нь дутагдсантайгаа ижилхэн сөрөг үр дагавартай

Шалтгаан нь тодорхойгүй толгой өвдөх, амархан ядрах, сэтгэл санаа тавгүйтэх, хоолны дуршил буурах, ажлын чадамж буурах зэрэг олон шинж тэмдэг нь мөн ийм шалтгаантай байж болно. 

Жишээ нь витамин А гэхэд нүдний хараанд эерэг нөлөөтэй. Бас шархны сорви эдгэрэлт, арьсны нөхөн төлжилтөд онцгой сайн. Гэхдээ илүүдвэл арьс загатнах, цус шингэрэх зэрэг сөрөг үр дагавартай. 

Кальци ясны бэхжилт, үс хумсны ургалтад сайн нөлөөтэй. Мөн л ихэдвэл бөөрний чулуу, шохойжилт үүсгэнэ. Улмаар яс хэврэгших,  цусны даралт ихсэх зэргээр эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг.

Харин сүүлийн үед үүн дээр хянамгай ханддаг болсон. 

Гэхдээ цайрын хэрэглээгээ хэтрүүлэх хандлага нэлээд ажиглагдаж байна. Монголчууд бид махны хэрэглээ ихтэй ард түмэн. Мах нь цайрын агууламж өндөртэй. Гэтэл дархлаа болон үс уналтад, ер нь бүх зүйлд цайр л сайн гэсэн ойлголттой болчихсон учраас хэтрүүлж хэрэглээд байна. 

Мэдээж цайр олон талын ач тустай эрдэс хэдий ч хэтрүүлж хэрэглэвэл эсрэгээрээ гэдэсний ханыг бохирдуулдаг, өтгөн хатаж, эрдэс бодисын шимэгдэлтийг багасгадаг. Тиймээс заавал хяналттайгаар хэрэглэх ёстой. 

Ялангуяа махны хэрэглээ өндөртэй монголчуудад цайр барагтаа бол дутагддаггүй нь шинжилгээний дүнгээс харагддаг.


-Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэдээ өсөлтийн амин дэмийг нэмэлтээр уулгах болсон. Энэ нь ямар нэг сөрөг үр дагавар авчрах уу?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн өсөлтөд анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ анхаарч байна гээд мөн л дутагдаагүй амин дэмийг нь өгч болохгүй. 

Жишээ нь хүүхдэд кальци дутагдаагүй байхад нэмэлтээр уулгаж, улмаар тэр нь илүүдвэл хүүхдийн өсөлтийг зогсоох ч аюултай. Тиймээс л дур мэдэн эрдэс, витаминыг замбараагүй хэрэглэж болохгүй гэж олон эрдэмтэд сануулаад байгаа юм.


- Хүмүүс амин дэм уухдаа гаргадаг нийтлэг алдааг дурдвал?

-А, Д, Е, К зэрэг витаминууд нь тосонд уусч задардаг учраас эдгээр витаминуудыг авакадо, самар зэрэг өөх тосоор баялаг хүнсийг хамтад нь хэрэглэж байж бие махбод өөртөө илүү сайн шингээж авдаг. 

В витамин нь усанд уусдаг витамин учраас хоногийн аль ч цагт ууж болно. Гэвч В витамин нь хоол тэжээлээс энерги үүсэлтийг дэмждэг учраас өглөө ууснаар ядарч сульдахыг бууруулж, өдрийн эрч хүчээ нөхөх боломжийг бүрдүүлдэг. 

Харин пробиотик нь амьд микро организм учраас өглөө уух үед ходоодны хүчлийн нөлөөгөөр үхжин нарийн гэдсэнд хүрч чадахгүй байснаас шимэгдэлт мууддаг. 

Хоол идсэний дараа хэрэглэх үед ч хоол боловсрохтой хамт маш удаан хугацаагаар ходоодонд саатдаг. Тиймээс хөнгөн зууштай хамт юм уу хурдан шимэгддэг хүнс идэхээс 30 мин өмнө уух хэрэгтэй.

Д витаминийг оройн цагаар их тунгаар уух үед мелатонинийн /нойрсолтыг дэмждэг гармон/ ялгаралыг багасгадаг учраас нойргүйдэл үүсэх эрсдэлтэй байдаг. Тиймээс өглөөний цайны дараа уух нь зохимжтой.


-Хүмүүс буруу ойлголтоосоо болж эрүүл мэндээ хохироох тохиолдол бий юу?

-Эрүүл хооллож байна гээд мах, махан бүтээгдэхүүн, нүүрс усаар баялаг хоол хүнсийг огцом хасаж дан жимс, хүнсний ногоо хэрэглэх тал бий. Энэ нь эсрэгээрээ бие мах бодийг ядраах, өвчин эмгэгт өртөмхий байдлыг нэмэгдүүлдэг. 

Гэтэл манай Монгол улс өөрөө эрс тэс уур амьсгалтай үүндээ дасан зохицохын тулд зуны цагт айраг цагаагаа түлхүү хэрэглэж, өвлийн цагт махаа илүүтэй хэрэглэж ирсэн. Ямар ч зүйлд алтан дундаж гэж байдагтай ижилхэн аливаа зүйлийн тэнцвэрт байдлыг хангах нь л чухал. 


-Алдсан эрдэс, амин дэмээ нэмэлт эм, бэлдмэл уулгүйгээр хоол, хүнсээр бүрэн нөхөх боломжтой юу?

-Бололгүй яахав. Сайн амарч, шим тэжээлээр баялаг хоол хүнсийг хэрэглэснээр хангалттай хэмжээнд эрдэс, амин дэмээ авч чадна. Гол нь хоолны орц найрлагаа баяжуулж, бүх төрлийн зүйлээс багтааж хоолны хэмжээнд биш чанарт нь анхаарах хэрэгтэй.  


-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.