Казах, урианхай үндэстэн, ястны өв соёл, ёс заншил, бүргэдээр ан хийх арга ухааныг сурталчлах зорилготой 22 дахь удаагийн Бүргэдийн баяр 2021 наадмыг маргааш Баян-Өлгийн аймгийн Бугат сумын 1-р багийн нутаг Саят толгой хэмээх газар эхэлнэ.

Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр болдог ч энэ жил цар тахлын улмаас ийнхүү энэ сарын амралтын өдрүүдээр зохион байгуулагдах гэж байна.

Көкбар буюу тулам булаалдах тэмцээн, Шырга буюу бүргэдчид бүргэдээ хэрхэн дасгасан, сургасан байдлыг шалгаруулах тэмцээн, Хыз хуар буюу хүүхэн хөөх тэмцээн, Тенге илү буюу зоос шүүрэх тэмцээн, бүргэдчдийн хувцас, морины тоног хэрэгсэл шалгаруулах, урианхай ястны мөсний сур харваа зэрэг арга тэмцээнүүдийг зохион байгуулдаг.

Уг арга хэмжээний үеэр казах, монгол үндэсний хоолоор үйлчилж, гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний худалдаа гарч орой нь аймгийн төвд соёл урлагийн тоглолт болсноор өндөрлөдөг.

Уг арга хэмжээг Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо, Казах шувуулахуйн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг байна.