Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид энэ сарын 14-ний өдөр 2018, 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан нэг бүлэг 2 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүллээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр удаа дараа ял, шийтгэл эдэлж байсан. Гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкууд руу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдэлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдсэн. Мөн Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм.

Дээрх 2 этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэнийн Жадамба гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүллээ.

Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М, М нарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

 



Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар