Тогтохбаярын Ариунзаяа
11 сарын 30, 2024
Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле академи хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” /https://www.facebook.com/V4CMongolia/ төслийн хүрээнд хэрэгжиж буй цуврал сургалт болж байгаа билээ.
Сургалтаар иргэний нийгмийн байгууллагууд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж сурах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах арга ухаанд туслах юм.
ХМЗ нь иргэний баталгаатай мэдээлэл авах, мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг байгууллага. Иргэний нийгмийн байгууллагууд бол иргэдийн төлөөл байдаг тул ХМЗ нь иргэний нийгмийн байгууллгууд, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухал гэж үздэг.
Энэ удаагийн сургалтад 21 аймгийн ИНБ-ын төлөөллүүд хамрагдсанаараа онцлог байв.
Сургалтад хамрагдагчдын төлөөллөөс сургалтын ач холбогдлын талаар ийнхүү ярьж байна.
Дижитал шилжилтийн эрин үед ИНБ-ууд ийм л ур чадвартай байх хэрэгтэй
/Эмэгтэйчүүд Залуучуудын оюуны сан үндэсний сүлжээний тэргүүн, ЛЭОС ТББ-ын тэргүүн Ц.Бүжидмаа/
Эмэгтэйчүүд Залуучуудын оюуны сан Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан үндэсний сүлжээ маань 21 аймагт салбар зөвлөлтэй, 1992 онд байгуулагдсан монголын хамгийн анхны иргэний нийгмийн байгууллагуудын нэг.
Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле академи хамтраад “ИНБ-ыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд орон нутгийн зохицуулагчид, орон нутгийн салбарын ажилтнуудад зориулсан гурав хоногийн сургалтыг зохион байгуулж байгаа. Манай байгууллага хүсэлт тавьсны үндсэн дээр байгууллагын бүх салбаруудаас төлөөллүүд маань оролцож байна.
Технологийн дэвшил, дижитал шилжилтийн эрин үед яалт ч үгүй иргэний нийгмийн байгууллагуудын технологийн ур чадвар маш чухал болж байна. Тиймээс хэвлэл мэдээлэл, тус салбарын мэргэжилтнүүдтэй харилцах, сошиал идэвх оролцоогоо нэмэгдүүлж, чадваржихад энэхүү сургалт маш үр өгөөжтэй байлаа.
Өнөөдрийн сургалтаар худал мэдээллийг нягтлах, контент хэрхэн бүтдэг талаар мэдлэг олголоо.
ИНБ-ын өөрийнх нь үндсэн суурь язгуур, эрх ашгийг ойлгохгүйгээс иргэд, төрийн байгууллагууд буруу ойлголт авдаг тал анзаарагддаг. Үүнтэй холбоотойгоор нягтлаагүй, буруу ташаа мэдээллүүд гардаг. Тийм учраас үүнийг яаж нягтлах вэ гэдэг талаас, ялангуяа орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг сургаж байгаа нь маш ач холбогдолтой гэж үзэж байна.
Сургалтаас сурсан мэдсэнээ бусдадаа хуваалцана
/Сүхбаатар аймгийн Либерал эмэгтэйчүүд оюуны сангийн зохицуулагч Г.Энхчимэг/
Энэхүү сургалтад холоос зорин ирж хамрагдлаа. 21 аймгийн төлөөллийг хамруулсан хүртээмжтэй сургалт болж байна.
Бидний техник технологийн ур чадвар маш бага хэмжээнд байдаг юм байна. ИНБ-ууд нийгмийг хамарсан олон үйл ажиллагаа өрнүүлдэг ч иргэддээ мэдээлэх тал дээр мэдээлэл хомс байдаг. Тиймдээ ч хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилладаггүй.
Өнөөдөр сурсан мэдсэнээ аймгийнхаа орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагынхандаа хуваалцана.
Сургалтын эхний өдөр хэвлэл мэдээллийн ажилтантай харилцах арга, хэрхэн ярилцлага өгөх, камерын өмнө биеэ зөв авч явах ур чадварт суралцсан бол хоёр дахь өдөр технологийн дэвшил ямар түвшинд байгааг мэдэж, интернэтээс хэрхэн зөв оновчтой хайлт хийх арга барилд суралцлаа.
Харин өнөөдөр контент бүтээх, пейж хөтлөх арга барилыг эзэмшиж байна. Гурван өдрийн сургалт маш үр дүнтэй, өгөөжтэй болж өнгөрлөө.
ИНБ-ууд хэвлэл мэдээллийн салбарынхныг ойлгож, хамтран ажиллах хэрэгтэй
/Архангай аймгийн Либерал эмэгтэйчүүд оюуны сангийн салбар зөвлөлийн зохицуулагч Б.Батцэцэг/
ИНБ-ууд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг ойлгож, тэдэнтэй хамтарч, нийгэмд өөрсдийн үйл ажиллагаа, дуу хоолойг хэрхэн ач холбогдолтойгоор хүргэж болохыг суралцлаа.
Манай аймагт AB, Тамир телевизүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр телевизүүдийн хэрэгжүүлж буй ажлыг бид сайн ойлгодоггүй байжээ гэх бодол төрлөө. Тиймээс тэдний гаргаж байгаа хичээл зүтгэлийг үнэлж, харилцан ойлголцож хамтран ажиллах нь чухал юм байна.
Ингэснээрээ олон нийтэд мэдрэмжтэй, хүртээмжтэй мэдээллийг хүргэх боломж бүрдэх юм.
Энэхүү мэдээг Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээв. Мэдээний агуулга нь Европын Холбооны албан ёсны байр суурь биш бүтээгчийн хариуцлага болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.