Иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа үр дүнтэй танилцуулах чадварт суралцаж байна

Иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан “Иргэний нийгэм ба хэвлэл мэдээлэл: хамтын ажиллагаа, контент бүтээж түгээх нь” сургалт болж өнгөрлөө. 

“Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү цуврал сургалт сарын турш үргэлжлэх юм.

ХМЗ нь иргэний баталгаатай мэдээлэл авах, мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг байгууллага. Иргэний нийгмийн байгууллагууд бол иргэдийн төлөөлөл байдаг. Харин ХМЗ нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухал гэж үздэг.

Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле академи хамтран хэрэгжүүлж буй уг цуврал сургалтаар иргэний нийгмийн байгууллагууд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж сурах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах арга ухаанд туслах юм. 

Ингэснээр иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын харилцаа бэхжих ач холбогдолтой. Энэ удаа иргэний нийгмийн байгууллагын харилцаа, холбооны мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт орлоо. Сургагч багш нар оролцогчдод бодит жишээтэй, гарын авлага болгон хэрэглэгдэхүйц мэдлэг, ур чадварыг өгөхийг зорьж буй.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхдөө камерын өмнө ярих ур чадварт суралцахаас гадна олон нийтийн сүлжээ буюу сошиал орчинд мэдээллээ хэрхэн түгээх, сошиал сувгийн пейж хуудсаа хөтлөх, нөлөөллийн ажлынхаа мэдээллийг түүх өгүүлэх замаар хэрхэн олон нийтэд түгээх гэх мэт сэдвээр мэдлэгээ дээшлүүлж байна. 

Нэг удаагийн сургалт гурван өдөр үргэлжлэх ба нийт таван удаагийн сургалтад 50 орчим иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл,  сэтгүүлчид хамрагдаж байна. Сургалт энэ сарын 13-наас ирэх сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. 

Сургалтад хамрагдагчдын төлөөллөөс сургалтын ач холбогдлын талаар ийнхүү ярьж байна.

ИНБ-ууд яг л ийм мэдлэг мэдээллээр дутаж байдаг

/Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал/

Бид нийгмийн сайн сайхны төлөө, олон нийтийг хамарсан олон үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Гэсэн хэдий ч үүнийгээ олон нийтэд хүргэж чаддаггүйгээсээ болоод хийж бүтээсэн зүйлгүй хүмүүс гэж харагддаг тал бий. Зарим нь “Иргэний нийгмийн байгууллагынхан гадаадаас төсөл аваад оффист сууж байдаг, гадагшаа хурал цуглаанд явсан хүмүүс” гэж буруу ташаагаар ойлгодог. 

Би олон улсын эрх бүхий сургагч багшийн хувьд олон сургалтад хамрагддаг ч Европын Холбооны дэмжлэгтэйгээр явуулж буй ийм чухал арга хэмжээнд оролцсондоо олзуурхаж байна. Учир нь иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнахад хэрэг болдог яг л ийм мэдлэг мэдээлэл дутагддаг юм.

Сүүлийн үед хүмүүс урт мэдээ мэдээлэл уншихаа больчихсон шүү дээ. Гарчгаасаа эхлээд л олон нийтийн анхаарлыг татах шаардлагатай болчихлоо. Тиймээс хэрхэн хурдан хугацаанд олон нийтэд хүргэх, чанаржуулах нь чухал гэдгийг ойлголоо.   

Камерын өмнө яриа өгөх чадварт суралцахад дөхөм боллоо

/Толгойт хорооллын нутгийн хөгжил төвийн зөвлөх Б.Адьяа/

Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтран мэдээ мэдээллийг хэрхэн хүргэх талаарх Европын Холбооны гурав хоногийн сургалтад хамрагдлаа. 

Нутгийн хөгжил төв үүсгэн байгуулагдаад 20-иод жил болж байна. Энэ хугацаанд бид аливаа үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнг баримтжуулж, бичиж тэмдэглэдэг ч хараахан хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн түгээж байсангүй.

Мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран үйл ажиллагаа, ажлын тайлангаа тайлагнах нь олон нийтийн сэтгэлд нийцээд зогсохгүй, иргэний нийгмийн байгууллагын гишүүд хэвлэл мэдээллийн соёлд суралцаж, ядаж камерын өмнө яриа өгөх чадварт суралцахад дөхөм боллоо гэж дүгнэж байна.

Манай байгууллага байгаль орчныг хамгаалах чиглэлд түлхүү ажиллаж, айл бүрийг моджуулах аян өрнүүлж байсан. Аян маань одоог хүртэл үргэлжилж яваа. Энэ аянуудаа цаашид олон нийтэд нээлттэй байдлаар үр дүнг нь танилцуулах тал дээр анхаарч ажиллахыг урьтал болгох нь зөв шийдэл юм байна. 

Энэхүү мэдээг Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээв. Мэдээний агуулга нь Европын Холбооны албан ёсны байр суурь биш бүтээгчийн хариуцлага болно.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.