Тогтохбаярын Ариунзаяа
12 сарын 09, 2024
Европын Холбооны дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Дойче Велле академи хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтыг сайжруулахын төлөө хүчээ нэгтгэх нь” /https://www.facebook.com/V4CMongolia/ төслийн хүрээнд хэрэгжиж буй цуврал сургалт энэ удаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах иргэний нийгмийн байгууллагуудад зориулж явагдлаа.
Сургалтаар иргэний нийгмийн байгууллагууд олон нийтэд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж сурах, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах арга ухаанд туслах юм.
ХМЗ нь иргэний баталгаатай мэдээлэл авах, мэдэх эрхийг хангахын төлөө ажилладаг байгууллага. Иргэний нийгмийн байгууллагууд бол иргэдийн төлөөл байдаг тул ХМЗ нь иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухал гэж үздэг.
Сургалтад хамрагдагчдын төлөөллөөс сургалтын ач холбогдлын талаар ийнхүү ярьж байна.
Амьдралд дөхөм, хүртээмжтэй сургалт боллоо
/Сонсголгүйн боловсрол ТББ-ын багш М.Өнөрчулуун/
Сонсголын бэрхшээлтэй хүмүүс аливаа мэдээ мэдээллийг хүлээж авах боломж хомс байдаг. Өнөөдрийн сургалт хүртээмжтэй явагдаж байгаад баяртай байна.
Өмнө нь нийгэмд мэдээлэл түгээхдээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ямар ч мэдээлэлгүй байснаа мэдлээ.
Тухайлбал ярилцлага өгөхдөө заавал камер руу харах шаардлагагүй, зөвхөн сэтгүүлч рүүгээ хараад яривал камерын айдас, сандралгүйгээр хүссэн мэдээллээ оновчтой, цэгцтэй хүргэж чаддаг байна. Энэ мэтчилэн өнөөдрийн сургалтаар багш нарын заасан зүйлсийг шууд хэрэгжүүлж болохоор, амьдралд амар дөхөм сургалт боллоо.
Сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нь бидний үүрэг
/Сонгогчдын боловсрол төв ТББ-ын төслийн менежер Д.Элбэрэл/
Хэвлэл мэдээллийн байгууллагатай хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар өргөн мэдээлэл авахын тулд энэ сургалтад хамрагдсан.
Манай байгууллага сонгогчдод чиглэсэн, боловсрол олгох зорилготой цөөхөн ТББ-уудын нэг.
Сонгуулийн идэвхтэй жилүүдэд хэвлэл мэдээллийнхэнд эх сурвалж байдлаар байнгын холбоотой хамтарч ажилладаг. Харамсалтай нь сонгуульгүй жилүүдэд хамтын ажиллагаа маань идэвхтэй бус байдаг.
Бусад иргэний нийгмийн байгууллагынхандаа уриалж хэлмээр байгаа зүйл бол сэтгүүлчид заавал бүх сэдвийг бүрэн дүүрэн мэддэг, аливаа нэг сэдэвт мэргэшсэн байх шаардлагагүй. Тухайн нэг салбар асуудалд ойлголт дутмаг байж болно шүү дээ. Тэглээ гээд тухайн сэтгүүлч ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг биш юм. Харин бид мэргэжилтнүүд учраас тэдэнд цогц мэдээлэл өгөх ёстой.
Мөн сэтгүүлч гэхээрээ л шүүмжийн байр сууринаас ханддаг хүмүүс биш. Тэгэхээр үүнийг ойлгож хэвлэл мэдээллийн салбарынхантай хамтарч ажиллавал илүү чанартай эерэг хамтын ажиллагааг бий болгоно гэж бодож байна.
Энэхүү мэдээг Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр бүтээв. Мэдээний агуулга нь Европын Холбооны албан ёсны байр суурь биш бүтээгчийн хариуцлага болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.