Ч.Бат-Уянга: Хөдөө амьдарч, хотоосоо орлогожиж байна

Д.Даваадулам
03 сарын 10, 2022

“Хөвсгөлийн Хатгал тосгонд нэг хөөрхөн кафe байна. Кафeд нэг хөөрхөн бүсгүйтэй болзов. Бүсгүйд нэг хөөрхөн гэгээхэн атлаа сургамжтай түүх, адал явдал бий гэдгийг мэдэж байсан” гэж би түүнтэй сар шинийн дараа уулзсанаа нүүр номондоо бичиж байв.

Улаанбаатар хотын унаган бүсгүй төрж өссөн газраасаа 900-аад км алсад, ах дүү, найз нөхдөөсөө хол, таних хүнгүй нутагт гэр бүлээрээ суурьшаад хагас жил болж байхад нь уулзсан хэрэг. Түүний цахим найзууд, за бас нийтлэл, ярилцлагуудыг нь уншдаг нэгэн бол эрх зүйч Ч. Бат-Уянга гэхээр таних биз ээ. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд суурьшиж эхэлсэн түүний түүхээс уншигчиддаа товч хуваалцъя. Хөдөө амьдарвал яах бол гэсэн асуултад багахан ч гэсэн хариулт авах биз ээ залуус. 

-Хаврын сар гарсан ч гэсэн Хатгалд бол маш хүйтэн байна. Ийм цаг агаартай дасаж байна уу?

-Энд ирээд нэг зүйлийг анзаарсан нь жаврын хэм, температурын хэм өөр өөр юм байна. Жаврын хэм гэдэг нь бидэнд мэдрэгдэж байгаа хэм гэж ойлгож болно. Ес эхэлснээс хойш Хатгалд -30 хэмээс дээш байгаа. Бид дасан зохицож л байна. 

Манай энд төвийн халаалт байхгүй болохоор мөнгөтэй байсан ч гэр юм уу, байшинд өөрсдөө халаалтаа шийдвэрлээд амьдарна. Нүүрс түлдэггүй. Мод түлнэ. Аль эсвэл тень залгаж болно. Манайх мод түлдэг. Өвөл шөнө нэг юм уу, хоёр удаа босож галлахаас өөр замгүй. 

Подкаст сонсох: 

-Хөдөөг зориод анх энд ирэхэд олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан байх. Ер нь ямар төсөөлөлтэй байсан бол?

-Миний хувьд хамгийн муу хувилбараар бодож байсан учраас төсөөллөөс хүнд бэрх зүйлүүд нэг их гараагүй. Манайх хотод орон сууцанд амьдарч байсан учраас гал түлэх, юм угаахдаа ус халаах, угаадсаа гадагшаа гаргаж асгах, усаа зөөж хэрэглэх гэдэг нь шинэ, бас бага зэрэг бэрхшээлтэй санагдаж байсан. 

Мөн энд шинэ, нарийн ногоо ховор. Үүнээс гадна ундны усны асуудал бий. Хатгал тосгонд худаг байдаггүй. Айл өрхүүд ундны ус, ахуйн усаа Хөвсгөл нуураасаа авч хэрэглэдэг. Машин, мотоциклоороо, зарим нь усны тэргээ түрээд явна. Мөн ус түгээдэг 2-3 машин явдаг ч захиалагчдаа их хүлээлгэнэ. 

Манайх усаа авахдаа ирж очихын 4 км гаруй газар явна. Явган явахад хүндрэлтэй. Өвөл түүнээс ч хол газар явж цооногоос усаа авах тохиолдол гарч байна. Бид залуу учраас энэ асуудлыг өөр өөрсдийнхөө боломжоор шийдэж чадна. Харин ганц бие хөгшин настай хүн, гэртээ жаахан хүүхэдтэй жирэмсэн эхчүүдэд энэ хүнд юм шиг санагддаг.

-Хөдөө, ялангуяа энэ Хөвсгөл нуурын эрэгт суурьшаад олон сайхан мэдрэмж авсан байх даа.

-Эрүүл агаар, замын түгжрэл, стресс бухимдал багатай гэдгийг хүн бүр мэдэж байгаа байх. 

Хамгийн анх мэдрэгдсэн давуу талаа яривал анх ирээд бага хүүгээ цэцэрлэгт, том хүүхдээ сургуульд бүртгүүлэх гээд гарсан. Ингэхдээ хамаг бичиг баримтыг нь аваад яг хотынхоо сэтгэхүйгээр “Бүтэн өдрийн ажил болно. Би завгүй шүү” гээд л гарсан. Ингээд сургууль, цэцэрлэгээр ороод хамаг ажлаа амжуулаад цаг харсан чинь ердөө 20 минут л болсон байв. 

Би бүр гайхаад ажил бүтсэн ч юм шиг бүтээгүй ч юм шиг, харих билүү яах билээ гээд бөөн юм бодсон. Энэ мэт хэн нэгэнтэй уулзах гээд очиход байхгүй байлаа гэхэд утсаар яриад л 5-10 минутын дараа хүрээд ирэх жишээний давуу талууд бол бий.

 -Хүмүүсийн харилцаа хандлага дээр ч гэсэн нутаг нутагт өөр байх нь бий. Хатгалчуудын онцлог анзаарагдав уу?

-Монгол хүн Монголдоо амьдарч байгаа учраас соёлын харилцааны шал өөр ялгаа бол гарч ирээгүй. Гэхдээ мэр сэр зүйлүүд анзаарагдсан. 

Тухайлбал, би нутгийнхаа групп дээр “Усны машиныхаа тоог нэмье, худгаа ажиллуулъя” гэсэн санал бичсэн. Доор нь бичсэн сэтгэгдлүүдээс харахад дийлэнх нь дэмжээгүй. “Залуу хүн байж өөрсдөө ав, залуучууд залхуу болчхож...” гэх утгатай сэтгэгдлүүд их байсан. Энэ бол тухайн хүн сайн муудаа, зөв буруудаа биш өссөн, амьдарч байгаа орчин нөхцөл соёлоос л хамаарч байгаа зүйл гэж ойлгосон. 

Ундны усаа хаанаас хэрхэн авах нь тухайн хүний эрхийн асуудал учраас заавал ингэх ёстой гэж тулгах шаардлагагүй. Гэхдээ ард иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах, эрүүл аюулгүй ундны ус хэрэглэх ёстой гэдэг талаас нь ойлгуулахаар хичээсэн. Ойлгож байгаа олон хүн байсан. 

-Хатгал тосгонд ирээд хэр удаж байна. Хэрхэн төвхнөж байгаа тухайгаа хуваалцвал?

-Бид 9 дүгээр сарын 1-нд ирсэн. Хагас жил болж байна. Наймдугаар сарын дунд үеэс гэнэт шийдвэр гаргаад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлж оруулах гээд л 9 сарын 1-нд ирсэн. 

Нэг мэдэхэд л хагас жил болсон байна. Анх ирээд өөрийн гэсэн гэр орон байхгүй учраас түрээсийн байшин хайж олсон. Цаашид суурьших бодолтой ирсэн учраас өөрийн гэсэн газартай болох талаар судалж байна. Далайн эрэг аялал жуулчлалын бүс болохоор газрын үнэ жаахан хөөрөгдсөн байдаг. Далайтайгаа ойртох тусмаа газар үнэтэй. 

Далайн эрэг дагаад дандаа л гэр буудлууд байдгийг Хатгалд ирсэн хүмүүс мэдэх байх. 

Энэ дунд байнгын оршин суугчид амьдрахад жаахан ярвигтай. Зун жуулчид бужигнаж өнгөрдөг. Тэгээд бусад улиралдаа нөгөө эрэлтээ дагаж өссөн бараа бүтээгдэхүүнийх нь үнэ буурахгүй байх шиг анзаарагдсан. 

Улаанбаатар хотоос ихэнх хүнсээ тээвэрлэж ирдэг учраас үнэ өндөр байдаг байх. Гэхдээ үнэтэй байлаа гээд хотод байдаг шиг мөнгө үрэгдэхгүй болохоор болоод л байгаа.


-Улаанбаатар хотод тогтсон ажилтай, өөрийн гэсэн орлоготой, тохилог орон сууцанд амьдарч байсан хүнд хөдөөд суурьших том шалтгаан байж дээ. Ах дүү нараа бараадсан уу, аль эсвэл бизнес хийх төлөвлөгөөтэй байсан уу?

-Их олон хүн ингэж асуусан. Хүмүүс маш том шалтгаан байсан байх гэж боддог. Нэг бол том ажлын санал авсан, эсвэл аялал жуулчлалын бизнес хийх гэж иржээ гэж хардаг. Яг үнэндээ ийм шалтгаанууд байхгүй. Хөдөө явах уу гэдэг асуултыг бие биедээ тавиад, тэгье гэсэн. Тэгээд л ирсэн. Өөр бас нэг бодогдож байсан зүйл нь хоёр жил хөл хорионд байсан, дахиад хөл хорионд байж магадгүй юм байна даа гэж бодсон. 

Нэгэнт хөл хорионд байгаад цахимаар ажиллах юм бол хот хөдөөгийн ялгаа юу байх вэ гээд л шийдсэн. Одоо бид хоёр Хатгалдаа ажил хийгээд орлого олоод байгаа зүйлгүй. 

Би хуульч, судлаач хүн. Судалгааны ажил, сэтгүүл зүйн бичвэрүүдээ цахимаар хийгээд ажлынхаа хөлсийг авчихдаг. Манай нөхөр график дизайн хийдэг. Мөн цахимаар ажилладаг. Цахимаар ажиллах боломжтой учраас л хөдөө ирсэн байх. 

Орон зайн хувьд хөдөө байгаа ч орлогын эх үүсвэр маань Улаанбаатар. Бид хоёрын хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өндөр хурдны интернеттэй, гоё байгальтай газар гэж Хатгал тосгоныг сонгосон. 

Биднийг жаахан байхад маш хүйтэн цас шуургатай тийм өвөл болдог байсан. Тэр цагийг санагдуулах хүйтэн өвөл Хатгалд болдог тухай сонсож байсан учраас л энд ирсэн дээ.

-Адал явдалд дуртай байх нь ээ?

-Тэгж ойлгож болно. Яг үнэндээ миний хувьд хэдийгээр цахимаар ажиллаж байгаа ч гэсэн хотод байхдаа олдог байсан орлого маань буурсан. Янз бүрийн төсөлд оролцох, танхимын сургалт явуулах зэрэг ажил цуцлагдсан болохоор тэр. Гэхдээ өөрсдийн хэрэгцээний орлогоо олоод л байна. 

Хүмүүс хөдөө амьдрах ямар байна вэ гэж их асуудаг. Би гоё, аль эсвэл муухай гэж аль нэг талыг барьж хариулж чадахгүй. Эхний ээлжид шууд ажилд орох боломж алга. 

Хуульч мэргэжилтэй 10 гаруй жил ажилласан туршлагатай миний хувьд сумын захиргаанд нэг алба хашиж чадах байх. Энэ үед надад өөр хэн нэгний ажлын байрыг булаах шаардлага үүснэ. Тэгэхийг хүсэхгүй байна. 

Аль ч суманд очсон захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв гэсэн төрийн, Хаан банк, Төрийн банкны салбар, цөөн тооны хүнсний дэлгүүр гэсэн хувийн салбар бий. 

Өөр ямар нэгэн ажиллах газар бараг байхгүй. Тэгэхээр хөдөө очих гэж байгаа бол өөрөө өөртөө ажлын байр бий болгох хэрэгтэй гэж тооцох ёстой. Чиний бий болгосон ажлын байр өөр хэн нэгнийг ажлын байраар хангах боломжтой бол бас зүгээр гэж бодох хэрэгтэй. 

Шинээр орон нутагт ажлын байр бий болгоход хүндрэлтэй зүйлүүд бий. Наад зах нь хэрэглэгчийн хүрээ багатай, тээврийн зардал өндөр. Тэгэхээр хөдөө амьдрахад ажлын байр олдохгүй гэж бодохоор муухай. Нөгөө талдаа өөрөө өөртөө ажлын байр бий болгоод шинэ юм хийгээд явах боломж харагдаж байгаа бол гоё.

Мэдээж хөдөө суманд хувийн сургууль гэж байхгүй. Улсын сургуулиуд л үйл ажиллагаагаа явуулж байна. Миний анзаарснаар математик, монгол хэл гэсэн суурь хичээлүүдийн чанар сайн. 

Анги дүүргэлт бага учраас багш нар хүүхэд бүртэйгээ тулж ажиллах боломж нь их юм шиг санагдсан. Бага ангид англи хэл орохгүй, мөн оюун ухааны сургалтууд байхгүй. Үүнийг цахимаар нөхөж болж байна.

-Миний хувьд “Мөсний баяр”-аар мөн зуны амралтаараа, бас ажлаар ирж байсан. Тэр үед Хатгалд үйлчилгээний газрууд олон байдаг. Харин сая ирэхэд онгорхой газар олдохгүй байна. Хэдэн сараас хойш ингэж эл хуль болдог юм бэ?

-Биднийг 9 дүгээр сарын 1-нд ирэхэд л бүх газрууд үүдээ цоожлоод явчихсан байсан. Ерөнхийдөө энд байгаа үйлчилгээний газруудыг орон нутгийн иргэд ажиллуулдаггүй. Улаанбаатар хот, Мөрөн ч юм уу төв суурин газраас илүү мөнгөтэй, боломжтой хүмүүс ирж ажиллуулчхаад жуулчид ирэхээ болихтой зэрэгцээд үүдээ цоожлоод явдаг юм шиг санагдсан. 

Энд үйлчилгээ эрхэлдэг зарим хүмүүсээс асуухад зургадугаар сарын 15-аас есдүгээр сар хүртэл хүнтэй байдаг гэсэн. Энэ хоёр сар гаруйн хугацаан дотроо наадмын үеийн 14 хоногт л хүн бужигнана. Бусад үед нь хүн цөөхөн, орлого тааруухан байдаг тухай ярьж байсан. 

Биднийг ирэхэд хоол идэх ресторан, зоогийн газар байгаагүй. Үсчин байхгүй. Үсээ засуулъя гэвэл 100 км явж Мөрөн орно. Зардал нэг талдаа 15 мянга, ирж очихын 30 мянга, очоод хэдэн мянгаар үсээ засуулахын бүү мэд. /инээв/ Би одоо үс засаж сурч байх жишээтэй.

-Үсчин, гоо сайхны газар нээвэл ашигтай юм биш үү?

-Ашигтай байсан бол хэн нэгэн нь нээгээд ажиллуулах байсан байх. Энд байнгын оршин суудаг хүн ам нь 2000 хүрэхгүй. Эрэгтэй хүн бол сардаа нэг юм уу хоёр удаа үсээ засуулах хэрэг гарна. Эмэгтэй хүн бол бүр удна. 

Энд ажлын байр түрээслээд, аль эсвэл газар авч байшин бариад үсчин нээгээд ажиллаа гэхэд хэзээ ч гаргасан зардлаа нөхөх хэмжээний ашиг олохгүй учраас л тийм үйлчилгээ байхгүй байна гэж ойлгодог. 

Жилийн дөрвөн улирлын турш жуулчин авдаг, хүн ирдэг бол арай өөр нөхцөлтэй байх юм болов уу гэж боддог.

Бас надад анзаарагдсан нэг зүйл нь аялал жуулчлалын бүс, улирлын чанартай олны хөлд дарагддаг газарт амьдарч байгаа байнгын оршин суугчдын амьжиргаа болон бусад эрхийн асуудал тусдаа ярих сэдэв юм болов уу. 

Зөвхөн жуулчдад чиглэсэн үйлчилгээний бодлогоос гадна тэнд амьдардаг иргэд хэрхэн ашиг хүртэх, жуулчид ирдэггүй үлдсэн 10 сарын хугацаанд хэрхэн яаж амьдрах, орлогын ямар эх үүсвэр байж болох талаар тусдаа бодлого байх шаардлагатай.

Өнгөрсөн жил Засгийн газраас хэрэгжүүлсэн эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд ХНХЯ-наас зохион байгуулсан ажлын байранд бэлтгэх богино хугацааны сургалтад манай Хатгал тосгоноос 2-3 залуу явсан. 14 хоног сургалтад суугаад 450 мянган төгрөгөө авсан. 

Нутагтаа очоод ажилд орсон нөхцөлд дараагийн тэтгэлгээ авах ёстой байсан ч тэдгээр залуучуудад ямар ч ажлын байр олдоогүй. Тэгээд нэг нь гэртээ, нөгөө нь Эрдэнэт-Хөвсгөл хоёрын хооронд нүүрс тээврийн жолооч хийгээд л байж байна.

-Чиний хувьд өглөө босох, өдөрт хийх ажил гээд бүх зүйл чинь хотод байснаас эрс өөрчлөгдсөн байх даа?

-Өглөө хэдэн цагт босох вэ гэдэг маань хэдэн цагт даарч эхлэхээс хамаардаг болсон. /Инээв/ Энэ далайн эргийн сайхан агаарт нүүрс түлэхгүй байх нь зөв гэж боддог учраас модоо түлдэг. Мод дулаанаа удаан барихгүй учраас өглөө эрт босож галлах хэрэгтэй. 5-7 цагийн хооронд л босдог. 

Хотод байсантай харьцуулахад ахуйн чанартай ажилд цаг заваа их зарцуулаад эхэлсэн. Гэр хороололд амьдардаг бүх айл тэгдэг байх. 

Нөхөр бид хоёр ээлжлээд хийдэг учраас бас ч гэж гайгүй. Зарим айлд эмэгтэйчүүд нь дийлэнх ажлаа хийж харагддаг. Тийм нөхцөлд тухайн эмэгтэй өөр ажил хийхэд хэцүү. 

Миний хувьд хаяа кафед суунгаа албан ажлаа амжуулдаг. Булган аймагт амьдардаг манай нэг найз “Танайд ч бас кафе ажилладаг. Манайд бүр алга” гэж байсан. Тэгэхээр хөдөө орон нутагт ажлын нөхцөл тааруу гэдэгтэй санал нийлж байгаа.    


-Сая буудалласан газраасаа үзэж сонирхох зүйл юу байна энд гэж асуухад “Сүхбаатар” онгоцны хажууд морин чарга бий. Түүгээр явж болно. Өөр зүйл байхгүйдээ л гэж байна. Үнэхээр өвлийн улиралд зориод ирсэн хүмүүст нуураас өөр үзэж сонирхох зүйл бага бололтой Хатгалд.

-Өвөл гэлтгүй зун ч гэсэн ховор юм шиг санагдсан. Байгалийн өөрийнх нь сайхныг үзээд буцахаас биш ирсэн хүмүүст сонирхуулах гоё үйлчилгээ, дэлгүүр байхгүй. 

Зун ирсэн хүн бол ирсэн өдрөө завиар далайгаар явна. Хүслийн хад орно. Муухайгаар хэлэхэд хоёр дахь өдөр нь жаахан архи дарс ууна, гурав дахь өдөр нь шарталтын байдалтай хэвтэж байгаад л явна. 

Өвөл бол таны хэлж байгаа морин чаргаар мөсөн дээгүүр давхина. Нуураас гаргаж ирсэн “Сүхбаатар” онгоц үзэж, зургаа авахуулна. Тэгээд гүйцээ. Өөр үйлчилгээ үнэхээр байхгүй. 

Хатгалыг зориод ирсэн хүмүүсийг тогтоох, удаан хугацаанд цагийг нь үр дүнтэй, зугаатай өнгөрөөх боломж нөхцөл тааруу. Саяхан манай нэг найз ирээд мөнгөө үрмээр байна, нутгийнханд орлого оруулмаар байна. Даанч авчихмаар юм, үйлчлүүлэх газар олдохгүй юм” гэж байсан.


-Нэг үеэ бодвол хөдөө очиж амьдрах хүсэлтэй залуучууд нэмэгдэж байна. Тэгэхээр сургуулиа төгсөж байгаа залууст, та хоёр шиг амьдрал дээр гараад хөлөө олсон улсууд хөдөөг зориход юуг анхаарах ёстой вэ?

-Биднээс дээш үеийнхэн миний үгийг сонсоно ч гэж юу байх вэ. Тиймээс өөрөөсөө дүү залуучуудад л хандаж хэлье. Би 2010 онд их сургуулиа төгсөөд шууд хөдөө ирсэн бол хийх ажил олдохгүй олон хоног хоосон хонох байх. 

Улаанбаатар хотод 10 гаруй жил ажиллаж тодорхой хэмжээний туршлага, найз нөхөд хүрээллийг бий болгож чадсан маань өнөөдөр намайг хоногийн хоолны мөнгөө залгуулах ажилтай болгож байна. 

Манай нөхөр ч гэсэн ялгаагүй. Тодорхой хэмжээний танил, найз нөхөдтэй болсон учраас өнөөдөр онлайнаар ажиллах боломжтой байна. Ийм боломж байгаа учраас бид хоёр хөдөө амьдраад болоод байна. Унаган хотын хоёр ямар ч танил тал байхгүй газарт шууд хүрээд ирэхэд хэцүү байсан. Тэгэхээр хөдөө очиж амьдрах гэж байгаа бол юу хийх вэ гэдгээ бодож төлөвлөж шийдвэрээ гаргаарай л гэж хэлнэ.

-Хатгалд ирээд хагас жил болохдоо сайхан найз нөхөдтэй болж амжив уу?

Болсон. Миний хувьд Хатгалд ирэхэд ганцхан хүн танидаг байсан одоо олон сайхан танил найзуудтай. Бас надад санагдсан нэг гоё зүйл нь би Хатгалд ирж амьдрах тухайгаа фейсбүүкдээ постлоод эхэлсэн. 

Тэрийг харсан Хөвсгөлийн гаралтай яруу найрагчид, зохиолчид, сэтгүүлчид холбогдож найз нөхөд, тус дэм болох ах дүү нараа хэлж байсан. 

Анх ирээд цахилгаан залгуулах гэсэн юм гээд нутгийн групп дээр зар оруулахад Улаанбаатарт байгаа Хөвсгөлийн гаралтай хүн над руу холбогдоод цахилгаанчин нь ийм хүн байдаг, утасны дугаар нь энэ байна гээд явуулж байх жишээтэй. 

Нэг удаа бүр ногоогүй байна гэсэн үү гээд Мөрөнд байдаг эгч хүнсний ногоо явуулсан. Эргээд нөгөө эгчээсээ байнга ногоогоо авдаг болсон. Хотынхон бол хэн нэгэнд төвөг болохгүй амьдрахыг хичээдэг. Гэтэл хөдөө ирсэн чинь маш олон хүн тус дэм болоод байдаг. Их гайхсан. 

Эхэндээ их тухгүй, үүрэг хариуцлага нэмэгдээд ч байгаа юм шиг санагдаж байсан. Одоо бол дасаж байна. Өөрөө ч гэсэн чадах зүйлээрээ бусдад тусалж байгаа.

Хотын хүмүүс бол ажлын бус цагаар залгахгүй байхыг хичээж, айлд очихдоо түрүүлж мэдэгддэг. Хөдөө тийм биш.

Мөн энд ирчхээд байж байхад танилууд, найзууд “Хатгалд очих гэсэн юм. Буудал байна уу, Юу үзэх вэ” гээд их асуудаг. Анх их төвөгтэй санагддаг байсан бол одоо зориод ирсэн нэгэнд өөрийнхөө мэдэх хүрээнд зааж зөвлөөд л явахыг хичээж байна. 

Хатгалын оршин суугчид бусад сум, багийн иргэдийг бодоход бас хот маягтай. Гудамжаар явж байхад бие биетэйгээ мэндлэхгүй. Юм асуухад дэлгэрэнгүй сайхан ярилцахгүй. Бусад сум багт очиход түрүүлж мэндлээд ярьж хөөрч байгаа нь яг сайхан сэтгэлээсээ гоё санагддаг. 

-Нүүр номдоо Ханх сумын талаар сэтгэгдэл оруулсан байсан. Дахиад нүүх сэлгэх нь үү?

-Ханх суманд очиж үзсэн. Их таалагдсан. Очих бодол байгаа. Гэр бүлийн хүрээнд сайхан ярилцаж байгаад шийднэ дээ. 

Ханх бол далайнхаа хойд энгэрт байрладаг арай өндөрлөг учраас далай гоё харагддаг. Хойгуураа Хорьдил сарьдаг, Бүрэн хан гээд сүрлэг сайхан уулстай, байгалийн хувьд ярих юмгүй сайхан нутаг. 

Сумын хүн ам нь Хатгалаас арай цөөн байх. Уулын буга хараад унасан морио мартав гэдэг шиг Хатгал ч сайхан нутаг. 

-Хатгалд өөрөө хүүхэд залуучууд руу чиглэсэн клубууд ажиллуулдаг гэж байсан. Тэр тухайгаа товчхон яривал?

-Заримыг нь бие даан авч явах, заримд нь заавар зөвлөгөө өгөх байдлаар хэд хэдэн клубт ямар нэгэн оролцоотой ажиллаж байна. “Өсвөр үеийн сурвалжлагч” гээд бичих дуртай хүүхдүүдийн дугуйлан бий. Номын клуб, охидын клуб ажиллуулж, амралтын үед семинар зохион байгуулж байна. Хүнд хэрэгтэй зүйлийг бусдадаа дамжуулчих юм сан гэдэг бодлоор эдгээр ажлыг амжуулах гээд л хичээдэг.

Сэтгүүлч Д. Даваадулам  2022.02.10

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.