Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малонтой уулзаж хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд олон арван монгол залуус сайн боловсрол эзэмшиж байгаад талархаж буйгаа дурдаад “Чевнингийн сургалтын тэтгэлгийн түншлэлийн тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол оюутнуудыг Их Британийн их, дээд сургуулиудад магистрын сургалтад сургах Чевнингийн тэтгэлгийг Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамнаас жил бүр олгодог бөгөөд тухайн жилд суралцах оюутны тоо болон мэргэжлийн чиглэлийг талууд хамтран тодорхойлдог. Энэ хүрээнд 2014 онд 7, 2015 онд 13, 2016 онд 13, 2017 онд 12, 2018 онд 15 оюутан тус магистрын тэтгэлэгт хамрагдаад байна. Өнөөдрийн уулзалтаар хоёр тал уг тэтгэлгийн санамж бичгийг сунгах зөвшилцөлд хүрлээ.

Түүнчлэн хоёр тал Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын талаар санал солилцлоо.

2011 оноос эхлэн хуучнаар БСШУЯ нь Кембрижийн олон улсын шалгалтын төвтэй хамтран  Улаанбаатар хотноо Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх ерөнхий боловсролын гурван сургууль /“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл”/ -ийг байгуулсан. 2017-2018 оны хичээлийн жилд дээрх сургуулиудад нийтдээ 828 сурагч суралцаж байгаа юм.

Кембрижийн Олон улсын шалгалтын төвтэй хэрэгжүүлсэн хамтын ажиллагаа эерэг үр дүнтэй байж Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн гурван сургууль зорилгоо бүрэн хангасан. Тус сургуулиудын сурагчдын сурлагын амжилт, багш нарын мэргэжлийн ур чадвар өндрөөр үнэлэгдэж байгааг хоёр тал харилцан санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх, хэрэв хэрэгжүүлбэл цөөн тооны биш бүх сургуулиудад тус хөтөлбөрийг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.