Peak.mn
05 сарын 28, 2026
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхий дахинаа сурталчлан таниулах зорилгоор бүтээсэн “Их Эзэн Чингис Хаан” алтадсан хүрэл баримлыг Монголбанк 2025 оны гуравдугаар сард Чингис хаан Үндэсний музейд залсан. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Лувсангийн Болдын урласан уг бүтээлийн эх загварт тулгуурлан бүтээсэн “Чингис хаан” дурсгалын зоосыг өнөөдөр /2026.05.28/ албан ёсоор танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, дэд Ерөнхийлөгч Г. Энхтайван, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Л.Болд, Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд болон Монголын зоос судлалын холбооны төлөөлөл оролцлоо.

“Чингис хаан” дурсгалын зоосыг орчин үеийн “Smartminting Ultra High Relief” технологиор зургаан төрлөөр үйлдвэрлэсэн бөгөөд мөнгөн 1 унц, 5 унц, 1 кг, алтан 0.5 грамм, 1 унц, 1 кг-ын сонголттойгоор худалдаанд гаргаж байна.
Түүнчлэн мөнгөн 1 унц болон алтан 0.5 грамм, 1 унцын зоосны ар талд цаг үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг гильюше (guilloché) технологийг ашигласнаараа онцлогтой бөгөөд энэ нь зоосонд нарийн хээ, гялалзсан эффект үүсгэдэг аж.
Нээлтийн үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, “Дэлхийн хүн” хэмээгддэг Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс нь “Монголын их амар амгалан”-г цогцлоож, өрнө, дорныг холбосон худалдаа, соёлын харилцаа, төлбөр тооцоо, шинжлэх ухаан, соёлын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг онцлоод энэхүү зоос нь цаг хугацааны явцад улам бүр үнэ цэн орох түүх дурсгалын болон цуглуулга, бэлэг дурсгалын үнэт өв болохыг тэмдэглэлээ.

Дашрамд дурдахад Монголбанкнаас дурсгалын зоосыг жил бүр тодорхой сэдэв, түүхт ой, онцлох үйл явдалд зориулан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлүүлдэг. Эдгээр нь хийц, загварын хувьд дахин давтагдашгүй бөгөөд цөөн тоогоор гардаг тул хөрөнгө оруулалтын болон цуглуулгын үнэ цэнтэй өвд тооцогддог.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж буй дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn сайтаас авах боломжтой.



Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.