Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр мэдээлэл хийж, жилд нэг удаа буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр олгодог "Чингис хаан" одонг хүртэх эрхмийн нэрийг зарлалаа.

Энэ жил "Чингис хаан" одонг Хүннү рок чиглэлээр бүтээлээ туурвиж, дэлхийд Монгол Улсыг таниулж буй "The Hu" хамтлагт олгохоор болжээ.

Мэдээллийн үеэр З.Энхболд дарга "Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийн бататгах бэхжүүлэх, төрд ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч өвдөө өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэдийг Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнадаг журамтай. 

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонг улс орныхоо нэр хүнд, үндэсний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчилан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрх бий болгож буй "The Hu" хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн" хэмээн мэдэгдлээ.

Одонг гардуулах ёслол Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд гардуулна. Тус өдөр 11 дүгээр сарын 27-нд тохиож буй юм.

Урлагийн ертөнцөд “Хүннү Рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг болох “THE HU” нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2012 оноос эхлэн хамтлагийн гишүүдийг бүрдүүлэх, уран бүтээлийн төрлийг тодорхойлох, стиль имижийг бүрдүүлэх ажлууд хийгдэж явсаар 2016 онд албан ёсоор байгуулагджээ. Анхны уран бүтээл  2018 оноос цацаж эхэлсэн аж. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус хамтлагийн танилцуулгадаа:

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг болсон байна.

Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.

“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны 9 дүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй" гэдгийг онцоллоо.