Ч.Улаан: Ноолуурын үнэ өсч буй нь малчны амьдралд сайн, үйлдвэрлэгчдэд хүнд тусч байна

Б.Баясгалан
04 сарын 03, 2019

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр  “Монголын ноос ноолуурын холбоо”-ны гишүүдтэй уулзлаа.

Энэ талаараа сайд Ч.Улаан "Ноолуур бол Монгол улсын стратегийн бараа бүтээгдэхүүн байх ёстой. Засгийн газраас тусгайлсан бодлого явуулах хэрэгтэй. Одоо жилдээ гаргаж байгаа 9500 орчим тонн ноолуураа дотооддоо эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах хэрэгтэй. 

Үүний тулд бүрдүүлэх эрх зүйн орчин, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ зэргийг бодлого болгон боловсруулж, мэргэжлийн холбоотой хамтран цааснаа буулгах хэрэгтэй. Өнөөдөр шийдвэрлэж болох ажлаас эхлээд дунд хугацааны бодлого боловсруулж, ноос, ноолуурын салбарын бодлогыг тусгайлан гаргах шаардлагатай байна.

Малчин, үйлдвэрлэгч хоёрын харилцаа хамтын ажиллагаанд шинэчлэх зүйл их байна. Салбарын яамны бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа дуудлага худалдаа зэрэг хөшүүргийн үр дүнд малчны хотоос нийлүүлэгдэх ноолуур кг нь 140.000 төгрөгт хүрч байна. Энэ нь малчны амьдралд сайн, харин үйлдвэрлэгчдэд хүнд тусч байна. 

Гэхдээ амьдралаа зориулж малынхаа араас явж байгаа малчдын хөдөлмөрийг ингэж үнэлэхээс аргагүй. Малчнаас нийлүүлж байгаа ноолуурт чанарын ялгаа, зэрэглэл тогтоож, үнэлгээг уялдуулж өгөх тал дээр аль аль нь санал нэгдэж байна. Хамгийн чанартай нь урамшууллаа ч авдаг, өндөр үнээр ч борлуулагддаг байх ёстой. Цаашлаад ноолуурыг стартегийн бараа гэж үзвэл төрийн оновчтой зохицуулалтууд энэ талбарт хэрэгжүүлэгчээр оролцох зайлшгүй шаардлагатай. Сум бүрт биш юмаа гэхэд аймагт салбарын бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч нарын үүрэгт тусгах ажлууд их бий. Мэргэжлийн холбоотой хамтран өнөө цагийн ноолуурын салбарын бодлогыг шинэчлэн гаргах хэрэгтэй байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.