УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолд өөрчлөлт оруудах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулав.

УИХ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн  тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” 32 дугаар тогтоол баталсан. 

Уг тогтоолоор малчдын орлогыг нэмэгдүүлэх, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр 1 кг тутамд 20.000 төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрд олгохоор заасан.

Энэ үндсэн дээр Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тогтоол гаргаж, малчин өрхийн 2019 оны мал тооллогын “А” дансанд үндэслэн 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор тооцож, нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. 

2019 оны эцсийн мал тооллогоор улсын хэмжээнд нийт 70,9 сая толгой мал тоологдсоноос 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 29.3 сая ямаа тоологджээ.

Харин УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолд зөвхөн “малчин өрх” гэж заасан учраас мал бүхий 60 гаруй мянган этгээд хамаарагдахгүй үлдэхээр байгаа учраас тогтоолд “мал бүхий этгээд”-ийг нэмж хамруулах шаардлага үүссэнийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. Ингэснээр уг тогтоолд нийт 203 мянга гаруй малчин өрх, мал бүхий этгээд хамрагдаж, ноолуурын урамшуулал авах юм байна.

Мөн Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдаж, уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар салбарын сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад хариулахдаа, ноолуурын урамшуулал 2019 оны жилийн эцсийн мал тооллогын “А” дансанд ямаа тоолуулсан өрх бүрт олгогдоно. Ингэхдээ монгол ямааны дундаж стандартыг хэрэглэж, ямаа тоолуулсан малчин өрх, мал бүхий этгээдэд бүсийн ялгаагүйгээр олгоно гэв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 54 гишүүний 45 нь буюу 83.5 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбоотойгоор УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 25-ныг хүртэл завсарлууллаа.

Чуулганыг завсарлуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгэндээ "Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгох асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэснийг зургадугаар сарын 5-ны дотор хэрэгжүүлэх чиглэл өгч байна" хэмээлээ.

УИХ-ын даргын хэлсэн үгийг ЭНД дарж, бүрэн эхээр нь уншина уу.