Б.Баясгалан
04 сарын 29, 2020
УИХ-ын нэр бүхий гишүүд малчдын борлуулж буй ноолуурын нэг килограмм тутамд төрөөс 20.000 төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төсөл боловсруулснаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Ноолуурын үнийн хувьд зах зээлийн зарчмыг барих хэрэгтэй. Түүнээс биш төр хатуу үнэ тогтоогоод, заавал тэр үнээр авна гэж болохгүй. Тэр нь бодит байдал дээр хэрэгжсэн ч зүйлгүй байна. Тиймээс уг асуудал зах зээлийн зохицуулалтаар зохицуулагдаад явсан нь зүйтэй гэсэн зарчмыг манай ажлын хэсэг баримталж байгаа.
Харин малчиддаа ноолуурынх нь нэг килограмм тутмын зах зээлийн үнэ дээр 20.000 төгрөгийн урамшууллыг дэмжлэг болгож өгөхийг энэ төсөлд тусгаж байна.
Би Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд нэг зүйлд хатуу байр суурьтай байгаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг худал мэдээлэл өгснийхөө төлөө Архангай аймгийн малчдаас уучлал гуйхыг би албан ёсоор шаардаж байна.
ХХААХҮ-ийн газрын дарга болон Хөдөө аж ахуйн биржийн захирлын гаргаж өгсөн мэдээнд аймгуудын ноолуурын жил бүрийн дундаж үнийг заасан байна. Тус мэдээгээр Архангай аймгийн ноолуурын үнэ 2019 онд 120.000 төгрөг, 2018 онд 102.000 төгрөг байсан байна.
Тиймээс сайд Ч.Улаан "Архангай аймгийн ноолуурын үнэ хэзээ 100.000 төгрөг хүрч байсан юм" гэсэн хариуцлагагүй мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх хэмжээнд хүрсэн. Архангайгаас сонгогдсон гишүүний хувьд нийт Архангайчуудын өмнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг уучлал гуйхыг шаардаж байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.