Л.Дэлгэрмаа
08 сарын 24, 2026
Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) хүрээнд наймдугаар сарын 21-нд зохион байгуулагдсан Хотын дарга нарын чуулга уулзалтаас “Газрын сэргэлтийн төлөөх орон нутгийн манлайлал: Риогийн конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт Улаанбаатарын тунхаглалыг нэгэн дуугаар батлан гаргалаа. НҮБ-ын харьяа олон улсын байгууллагууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан тус форумаас гаргасан энэхүү баримт бичиг нь дэлхийн хот, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зөвхөн хэрэгжүүлэгч бус, бодлого тодорхойлогч түнш байх ёстойг зарлан тунхагласнаараа онцлог юм.
Чуулга уулзалтын хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хот, орон нутгийн бодит манлайллын талаар онцлон тэмдэглэхдээ:
“Улаанбаатарын тунхаглалаар дамжуулан бид тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, хүнд чиглэсэн, жендэрийн мэдрэмжтэй, хүүхдэд ээлтэй хотын тогтвортой хөгжлийн хандлагыг баталж байна. Хуурай болон цаг уурын хатуу ширүүн нөхцөлтэй бүс нутгийн бусад хотуудыг холбож, хотууд мэдлэгээ хуваалцах, газрын доройтлыг практик түвшинд хэмжих, дэлхийн амлалтуудыг орон нутгийн бодит ажил болгоход Улаанбаатар хот тусалж байгаадаа бид бахархаж байна. Энэхүү санаачилга нь газар, ус, уур амьсгалын тэсвэртэй байдал болон ирээдүй үеийнхээ төлөө хамтран ажиллаж буй бүс нутгийн болон дэлхийн хотуудын сүлжээг бэхжүүлэхэд оруулж буй бидний хувь нэмэр юм.”

Улаанбаатарын тунхаглалын үндсэн багууд ба гол зорилтууд
Тунхаглалд газар нутгийн доройтол, цөлжилт, ган зуд, биологийн олон янз байдлын хомсдол, усны хомсдол болон уур амьсгалын өөрчлөлт нь бие биетэйгээ гүнзгий холбоотой бөгөөд хот, орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргаанд шууд аюул заналхийлж байгааг онцлон тэмдэглэжээ. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд тунхаглалыг дараах 7 үндсэн чиглэлд хуваан зааварчилсан байна:
1. Газрыг нөхөн сэргээх ба нутаг дэвсгэрийн нэгдмэл хөгжил
Тунхаглалд хот, хот орчмын болон хөдөөгийн бүс нутгийг нэгдмэл экосистем гэж үзэх шаардлагатайг дурджээ. Хот ба хөдөөгийн хамтын ажиллагааг бэхжүүлснээр байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, тогтвортой хүнсний системийг дэмжих, хөдөөгөөс хот руу чиглэсэн замбараагүй шилжилт хөдөлгөөнийг сааруулах боломжтой гэж үзэж байна. Мөн газар тариалангийн бүтээмжтэй талбай, усны нөөц болон байгалийн экосистемийг хотын тэлэлтээс хамгаалах нягт, нөөцийн хэмнэлттэй төлөвлөлтийг хэрэгжүүлэхийг уриалжээ.
2. UNCCD-ийн үйл ажиллагаанд орон нутгийн оролцоог бэхжүүлэх
Өмнө нь Саудын Арабт болсон COP16 хурлаас эхэлсэн санаачилгыг үргэлжлүүлэн, UNCCD-ийн цаашдын бүх хурлаар Хотын дарга нарын чуулга уулзалтыг албан ёсоор зохион байгуулдаг байх, мөн тус конвенцын хүрээнд орон нутгийн засаг захиргааны оролцоог хангасан байнгын механизмыг бий болгохыг шаардсан байна. Түүнчлэн гишүүн орнуудыг НҮБ-д илгээх үндэсний төлөөлөгчдийнхөө бүрэлдэхүүнд хот, орон нутгийн засаг захиргааны төлөөллийг албан ёсоор баталгаажуулахыг уриалжээ.
3. Риогийн конвенцууд болон Усны хөтөлбөрийн уялдаа холбоо
2026 он бол НҮБ-ын Риогийн гурван конвенц (Цөлжилттэй тэмцэх конвенц - UNCCD, Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц - UNFCCC, Биологийн олон янз байдлын конвенц - CBD)-ын Талуудын бага хурал ба НҮБ-ын Усны хурал дараалан тохиож буй онцлог жил юм. Улаанбаатарын тунхаглалаар газрын харилцаа, орон сууц, тээвэр, ус, биологийн олон янз байдал болон уур амьсгалын бодлогуудыг хооронд нь уялдаатай хэрэгжүүлж, Газрын доройтлыг бууруулах (LDN) болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх ёстойг санууллаа.
4. Санхүүжилт ба түншлэл
Орон нутгийн засаг захиргаанд зориулсан санхүүжилтийн хүндрэлийг шийдвэрлэхийн тулд олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөгжлийн хөтөлбөрүүд болон хувийн хэвшлийг орон нутаг руу чиглэсэн шууд, шуурхай, урт хугацааны санхүүжилтийн суваг нээхийг уриалжээ. Ялангуяа байгальд суурилсан шийдэл, хөрс ба экосистемийг нөхөн сэргээх, гангаас хамгаалах дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх бэлтгэл ажлыг техникийн хувьд дэмжих шаардлагатайг тусгасан байна.
5. Мэдлэг, инноваци ба хамтын ажиллагаа
Шинжлэх ухааны хамтын ажиллагаа, хотууд хоорондын туршлага солилцоо, мэдээллийн нээлттэй байдлыг бэхжүүлэхийг чухалчиллаа. Инновацийн шийдэл, газар тариалан болон хот төлөвлөлтийн шилдэг туршлагуудыг орон нутгийн түвшинд шууд нэвтрүүлэх боломжийг олгох арга зүйн зөвлөмжөөр хангахыг уриалсан юм.
6. Газрын засаглал, эзэмшлийн баталгаа ба хүнсний систем
Хотожсон болон хот орчмын бүс нутагт газрын эзэмшлийн тодорхой, баталгаатай байдлыг хангах нь урт хугацааны хөрөнгө оруулалт болон нийгмийн тогтвортой байдлын суурь болдог. Мөн хот, хөдөөг холбосон тогтвортой хүнсний системийг хөгжүүлж, газрын наймаа, хяналтгүй тэлэлтээс үүдэлтэй зөрчил мөргөлдөөнийг хот төлөвлөлтийн нэгдмэл арга замаар шийдвэрлэх ёстойг онцоллоо.
7. Ган болон усны хомсдолд тэсвэртэй байдлыг бэхжүүлэх
Усны аюулгүй байдал, гангаас урьдчилан сэргийлэх менежментийг орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгахыг үүрэг болголоо. Цөлжилт, ган зудны улмаас орон нутгаас дайжиж, дотоодод шилжин суурьшиж буй иргэдэд туслах, орон нутгийн усны чанар, цэвэр усны хангамжийг дэмжих, эрт анхааруулах систем хөгжүүлэхийг даалгасан байна.
Орон нутгийн удирдлагуудын авсан амлалт
Улаанбаатар хотод цугласан хотын дарга нар болон орон нутгийн удирдлагууд дараах тодорхой алхмуудыг хийхээ албан ёсоор амлалаа:
Ирээдүйн чиг хандлага
Улаанбаатарын тунхаглал нь олон улсын нийгэмлэгт чиглэсэн тодорхой илгээлтийг хүргэж байна: Дэлхийн түвшинд заасан уур амьсгал, газрын нөхөн сэргээлтийн зорилтуудад хүрэхийн тулд хот, орон нутгийн засаг захиргааг зөвхөн хэрэгжүүлэгч төдий биш, олон улсын шийдвэр гаргах үйл явцын тэгш эрхтэй түнш хэмээн хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ.
Улаанбаатар хотооос эхэлсэн энэхүү давалгаа нь "Эр-Риядын үйл явц"-ыг үргэлжлүүлэн, 2027 оны Тогтвортой хөгжлийн зорилтуудын (SDG) Дээд хэмжээний уулзалт хүртэл дэлхийн өнцөг булан бүрт байгаа орон нутгийн иргэдийн дуу хоолойг олон улсын тавцанд гаргах чухал хөдөлгөгч хүч болж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.