Дэлхийн хоёрдугаар дайнд тулалдаж явсан ахмад дайчин Том Муур тун удахгүй 100 нас зооглох гэж буй. Тэрээр коронавирустэй тэмцэж буй энэ цаг үед фронтын эхний эгнээнд яваа Эрүүл мэндийн салбарын ажилчдыг дэмжих зорилгоор өөрийн гаднах цэцэрлэгтээ 100 тойрог (нэг тойроход 25м) алхаж, 1000 фунт босгож өгөхөөр шийджээ. Энэ талаар өнгөрсөн Баасан гарагт BBC суваг мэдээлсэн байна. 

Тэрээр саяхан арьсны хорт хавдар болон түнхний мэс засал хийлгэсэн ба эмнэлгийн ажилчид түүнийг хэрхэн сайн асарч байсан талаар мэдээнд дурджээ.

Ахмад дайчин Том Муур “Бид хүнд хэцүү цаг үеийг давж гарч ирсэн түүхтэй. Энэ цар тахлын үед амаргүй байдалд байгаа олон хүн бий. Гэхдий бид давж чадна. Удахгүй нар дээрээс тань мандаж, үүл замхран одох болно” хэмээн хэлсэн нь олон хүний сэтгэлийн утсыг хөнджээ. Тэрээр олон сонин хэвлэлийн нүүрэнд бичигдэж, телевизүүдэд ч яриа өгөх болов. Хандивын хэмжээ ч хором хормоор өсөж, олон нийтийн сүлжээгээр улс төрчид, алдартнууд болон Үндэсний эрүүл мэндийн үйлчилгээний (NHS)-н ажилчдаас хүндэтгэл, баяр хүргэсэн талархалын үгс ар араасаа цувах болжээ. Үүнд охин, хүргэн, зээ охин гурав нь боломжоороо хариулахын тулд тун завгүй байгаа аж.

Өнөөдөр тэр амласан 100 дахь тойргоо хийжээ. Энэ мөчид түүний босгосон хандив 16 сая фунт болсон байв. Дэлхийн 50 гаруй орны 700 гаруй мянган хүн хандив өргөжээ. Цаашид ч өсөн нэмэгдсээр буй аж. 

Ахмад дайчин ч “хүмүүсийн дэмжлэг ирсээр байвал Эрүүл мэндийн салбарын ажилчдаа дэмжин 100 хүртэлээ алхсаар байна” хэмээн хэлжээ.

Түүнд баатар цол олгохыг хүссэн өргөдөлд 300,000 гаруй хүн гарын үсэг зуржээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “хийсэн үйлдлийг нь таних арга замыг эрэлхийлэх болно” гэсэн байна.

Английн фунтны ханш өнөөдрийн байдлаар 3474 төгрөг байна. Тус ханшаар тооцоход 16 сая фунт нь 55 тэрбум гаруй төгрөг болж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/