Бие даан нэр дэвшигчийн хандивын тайланг Үндэсний аудитын газарт ирүүлэх шаардлагагүй

Б.Баясгалан
04 сарын 03, 2020

УИХ-ын ээлжит сонгууль энэ оны зургаадугаар сард болно. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасны дагуу Үндэсний аудитын газар нам, эвслээс ирүүлсэн хандивын тайланг хүлээн авч, дүгнэлт гаргах аудит хийж байна.

Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ” гэж туссан боловч хуулийн бусад зүйл заалтад бие даан нэр дэвшигч хандивын тайлан гаргах зохицуулалт хуульчлагдаагүй байна.

Энэ талаар Үндэсний аудитын газар Сонгуулийн Ерөнхий хорооноос тодруулахад дараах хариуг ирүүлжээ.

Хариу албан бичигт:

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д "Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан энэ хуулийн 26.3.6, 26.4.6-д заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасан байдаг.  Тус заалтуудад зөвхөн нам болон эвслийн хандивын тайлан гаргах хугацааг тодорхойлсон байна.

Иймд бие даан нэр дэвшигч хандивын тайлан гаргах, түүнд дүгнэлт гаргуулах шаардлага үүсэхгүй. Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг болон нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэлд бие даан нэр дэвшигчийн хандивын тайлантай холбоотой шаардлага хуульчлаглаагүй болно" гэжээ.

СЕХ-ноос ирүүлсэн хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.



Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.