Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сити плаза байрны 1-р давхарт байрлах “CU” салбар 12 дэлгүүрийн үйл ажиллагаанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

МХЕГ-ын шалгалтаар тус худалдааны газар нь “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн байна. Иймээс Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан, торгуулийн шийтгэл оногдуулан, улсын байцаагчийн албан даалгавар өглөө.

Өнгөрсөн долдугаар сард мөн тус CU сүлжээ ресторан шалгалтад бүдэрч байсан юм. Сануулахад “Сэнтрал Экспресс Си Би Эс” ХХК-ийн CU-06 салбар минимаркетад аж ахуйн үйл ажиллагаанд дотоод хяналтын журам баталсан боловч дотоод журмаа мөрдөж ажилладаггүй гэдэг нь илэрсэн билээ. Мөн бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалдаггүй, барааны эмх цэгц байхгүй, агуулахад бараа, бүтээгдэхүүнийг эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй орчинд хадгалдаг, цэвэрлэгээ, үйлчилгээг хангалтгүй хийдэг зэрэг зөрчил илэрсэн юм.