Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар Сар шинийн мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.


Амар байна уу, 

Эх орныхоо хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээн дэлгэрүүлэгч, хүндэтгэн дээдлэгч эрхэм Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, учран золгож буй XYII жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Цагаан сарын баяр бол Монголчууд та бидний хувьд улс эх орны минь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, хүн ардын ураг төрөл, удам судраараа дотносон хөөрөлдөх үнэт зүйл, ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлах ёс заншлын эрхэм дээдийн өв соёл, тэгш дүүрэн, өнөд оршихуйн бэлгэдэл юм. Тиймээс энэ өдрүүдэд монгол түмнийхээ сайхныг дурсаж, сайныг хэлэлцэж, сайн сайхныг ярилцах нандин сайхан уламжлалыг хүндэтгэн хэцүү бэрхийг тоочин өгүүлэхийг хүссэнгүй ээ. 

Гагцхүү дэлхий нийтээр коронавирусын цар тахлын гамшигт нэрвэгдсэн энэ хүнд хэцүү цаг үед нийслэл Улаанбаатар хотод дэгдсэн уг өвчний халдварыг зогсоох, хүн ардаа хамгаалах, хохирол багатай даван туулах чиглэлд нийслэлийн удирдлагын баг хамт олон хариуцлагатай, хурдан шуурхай, тодорхой стратеги төлөвлөгөөний дагуу нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж байгааг уламжлъя. 

Мөн аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, идэвх оролцоо чухал бөгөөд хамтран зүтгэж буй ТА бүхэндээ талархал илэрхийлье.

Энэхүү хичээл зүтгэл, нэгдмэл зорилгынхоо хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хувьд 2021 он бэрхшээлд сөхрөх бус харин ихийг хийж бүтээх, их ажлын ард гарах зориг, зорилго тодорхой ирмүүн их ажлын он жил байх болно хэмээн хотын удирдлагын баг үзэж байна. 

Бид иргэндээ ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлж, замын түгжрэлийг системтэйгээр бууруулна. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, олон тулгуурт эдийн засаг бүхий бүсчлэлийг хөгжүүлнэ. Залуусаа орлогод нийцсэн орон сууцаар хангаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын тулд эрс шийдэмгий зорилтуудыг хэрэгжүүлнэ. Засаглалыг бэхжүүлж, бүхий л шатны албан хаагчдынхаа чадавхийг бэхжүүлж, ёс зүйн хариуцлагыг өндөржүүлнэ. Төсвийн захиран зарцуулалтыг нээлттэй, ил тод, цахим хэлбэрт бүрэн шилжүүлнэ.

Иймд уламжлалаа дээдэлж, шинэчлэлийг эрчимжүүлсэн шинэ хотын төлөө хамтран зүтгэцгээе, Улаанбаатарчууд  аа.

Та бүхэндээ зуу зуун жилийн турш уламжлагдаж ирсэн цагаан сарын баяр наадмын өв уламжлалыг хүндэтгэн ёслохдоо өвчин эмгэгийг ахар богино хугацаанд даван туулж, энх цагтай учран золгох нийтийн зорилгоо хүндэтгэн аав ээж, ах дүү, айл хотолтойгоо алсын зайнаас цахимаар золгохыг уриалж байна.

Угтан золгож буй цагаагчин үхэр жилдээ төр төвшин, түмэн олон амгалан байж, энх цагтай учран золгохын ерөөлийг өргөе.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР