АМСТЕРДАМ. /Truththeory/. Нидерландын “CocoPallet” компани далдуу модны самрын хаягдлыг ашиглан бараа, материал өрөх зориулалттай подоон бүтээжээ.

Энэхүү технологийг анх Нидерландын “Wageningen” их сургуулийн эрдэмтэд гаргасан боловч “CocoPallet” компани арилжааны зориулалтаар патентыг худалдаж авсан байна.

"Подооныг далдуу модны самрын хаягдал хальсыг дахин боловсруулах замаар гаргаж авсан бөгөөд 100 хувь байгалийн органик бүтээгдэхүүн" гэж “CocoPallet” компанийн захирал Михель Вос мэдээлжээ. Мөн энэхүү бүтээгдэхүүн нь модон подооныг бодвол илүү хөнгөн, даац сайтайгаас гадна галд тэсвэртэйг тэрбээр онцолсон байна.

Дэлхий даяар жил бүр 15.3 тэрбум мод тайрдаг бөгөөд энэхүү эко подооныг ашиглснаар жил бүр 200 сая модыг тайрахаас хамгаалж чадна гэж “CocoPallet” компани тооцоолжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг