ЗГ: Дараах тэтгэвэр, тэтгэмжийг 2021 оны VI сар хүртэл нэмэгдүүлсэн хэмжээгээр олгохоор төсөвт тусгасан

Б.Баясгалан
10 сарын 12, 2020

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Ерөнхий сайдын хийх тус мэдээлэлд Эдийн засгийг эрчимжүүлэх, төсвийн бодлогын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тусгажээ.

Тодруулбал,

"Засгийн газраас иргэд, бизнес эрхлэгчдийнхээ амьжиргаа, орлогыг дэмжих, ажлын байрыг хадгалж хамгаалах, эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх зорилгоор цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний хувилбаруудыг ирэх жилийн төсвийн бодлогын хүрээнд боловсруулж байна.

Тухайлбал, Ковид-19 халдварын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байрыг хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх болон хөнгөлөх арга хэмжээг 2020 онд хоёр үе шаттай авч хэрэгжүүлж байна.

Үүнд,

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд бүрэн чөлөөлсөн.
  2. 2020 оны 10-12 дугаар сард ажил олгогч 5 хувь, даатгуулагч 5 хувь байхааар тооцож, хөнгөлөлт байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр болсон.

2021 оны нэгдүгээр сарын 01-нээс дээрх хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан ажил олгогч аж ахуйн нэгж, даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 22 хувиар төлөх учиртай.

Гэтэл ковид-19 халдварын цар тахлын эдийн засгийн сөрөг үр дагавар цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт дүнгээр нь 3-5 пунктээр бууруулах замаар нийгмийн даатгалын нийт хэмжээг 17 хувьд хүргэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хувьд 2021 оны эхний хагас жилийг дуустад нэмэгдсэн хэмжээгээр буюу сар бүр 100.000 төгрөгийг үргэлжлүүлэн олгохоор тооцож, нийт 1.2 сая хүүхдэд олгох 864 тэрбум төгрөгийг 2021 оны төсвийн төсөлд тусгалаа.

Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэвэр, тэтгэмжийг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж, сар бүр 288.000 төгрөг олгож буй. Уг арга хэмжээг 2021 оны эхний хагас жилд нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгохоор төсөвт тусгасан" гэжээ.

Сэтгэгдэл бичих (5)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.